УХААЛАГ ХҮЛЭМЖИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-09-21 09:44:31

Хөдөө аж ахуйн их сургууль, БНСУ-ын JH ENERGY компани, Олон улсын таримал судлалын хүрээлэн, Гачон их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан Монголын нөхцөлд тохирсон ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх” төслийн бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр /2022-09-20/ боллоо. Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгонд байгуулагдсан тус ухаалаг хүлэмжийн аж ахуйн нээлтэд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлого хариуцсан зөвлөх Ч.Даваабаяр, Шинжлэх ухаан, Технологийн сангийн захирал Д.Одгэрэл, Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал Р.Дагва, БНСУ-ын JH ENERGY компанийн мэргэжилтэн Ли Хан Жү, Олон улсын таримал судлалын хүрээлэнгийн захирал Ли Юун Бом, ХААИС-ийн захирал О.Баатарцогт болон багш, судлаачид, 21 аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нар, агрономчид оролцлоо.

Тус ухаалаг хүлэмжийн аж ахуйн бүтээн байгуулалт нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэн хүлэмжийн аж ахуйн хэвийн үйл ажиллагааг хангахын зэрэгцээ илүүдэл эрчим хүчээ улсад нийлүүлэх боломжтой юм. Мөн Монгол орны онцлогт тохирсон ухаалаг хүлэмж байгуулах жишиг загвар болж буй бөгөөд чадварлаг боловсон хүчин бэлтгэх, гидропоник системд суурилсан жилийн турш тасралтгүй тариалалт хийх боломжтой таримлын аж ахуйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Үүний зэрэгцээ халаалтыг экологид ээлтэй, зардал хэмнэсэн нарны эрчим хүчний технологиор шийдвэрлэснээр Монголын ХАА-н салбарт олон боломж, шинэ технологийг нэвтрүүлж буй юм. Тус бүтээн байгуулалтын хүрээнд 9 дүгээр сарын 11-ээс хойш 26000квт эрчим хүч үйлдвэрлэсэн нь 2.1 тонн хүлэмжийн хий бууруулахад хувь нэмэр оруулжээ.

Төслийн бүтээн байгуулалтыг нээж, ХААИС-ийн захирал О.Баатарцогт үг хэлэхдээ; Энэхүү ухаалаг хүлэмж нээгдсэнээр ХААИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ төдийгүй, Монголын газар тариалангийн салбарт шинэ технологийг нутагшуулах, түгээн дэлгэрүүлэх, ингэснээр Монгол улсын хүнсний хангамж аюулгүй байдлыг хангахад томоохон хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалт болж байгаад баяртай байна гэлээ. Мөн ХААИС нь Монгол улсын ХАА-н салбарын дээд боловсролтой мэргэжилтэн, үе үеийн эрдэмтэн судлаачдын бэлтгэж, Монгол улсын хөдөө аж ахуйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Энэ залгамж халаа өнөөдөр ч үргэлжилж, Солонгос улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар тус улсын эрдэмтэдтэй хамтран ийм сайхан бүтээн байгуулалтыг хийлээ. Өнөөдөр энд Агроэкологийн сургуулийн удирдлага, эрдэмтэн багш, судлаач оюутнууд, Төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа нь цаашид энэхүү шинэ технологийг нэвтрүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд бодлогын түвшинд хамтран ажиллах боломж бүрдэж байна гэж харж байна. Монгол улсын хөгжлийн гол тулгуур, стратегийн салбар нь Хөдөө аж ахуйн салбар байдаг. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж-Аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай”  тогтоолд гол нэрийн 16 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаар тусгасан. Үүнийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, судалгааны байгууллага, аж үйлдвэрүүд хамтран ажиллах шаардлага бий гэлээ.

.