ХААИС, БНСУ-ын Кёнсанбүг аймгийн ХАА, Технологийн хүрээлэн хоорондын хамтран хэрэгжүүлэх олон улсын төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр /2022-09-26/ боллоо.
Хоёр байгууллага 2007 оноос эхлэн хүнсний ногоо, хүлэмжийн болон цэцгийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хамтарсан судалгааны ажил хэрэгжүүлж, бакалавр, магистр, докторантуудыг мэргэжил дээшлүүлэхэд дэмжин ажилласан. Мөн ХААИС-ийн сургалт, судалгааны орчныг бэхжүүлэх зорилгоор тодорхой үнэ бүхий лабораторын багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлж байсан юм. Үүний зэрэгцээ 2017 онд Өмнөговь аймагтай хамтран гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, “ГҮЗЭЭЛЗГЭНЭ, СОНГИНОЛОГ УРГАМАЛ”-ыг тарих төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ хугацаанд 1500 мкв хэмжээтэй 5 ширхэг гүзээлзгэний хүлэмжийг ашиглалтад оруулан, 50 гаруй газар тариалан эрхлэгчдийг “ГҮЗЭЭЛЗГЭНЭ ТАРИХ” сургалтанд хамруулжээ.
Энэ удаагийн хамтын ажиллагааны гол зорилго нь өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн бүтээн байгуулалтыг дэмжин цаашид хөгжих гүүр нь болж, технологи, арга зүйн зөвлөгөө өгөхөд голлон анхаарах болно гэв. Мөн төслийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд чадварлаг хүний нөөц хэрэгтэй. Тиймээс хүний нөөцийг мэргэшүүлэх зорилгоор богино, урт хугацааны сургалтад хамруулахаар төлөвлөжээ. БНСУ-ын Кёнсанбүг аймгийн ХАА, Технологийн хүрээлэнгийн орлогч захирал хэлэхдээ, урт хугацаанд хамтран ажилласан учраас Монгол орны байгаль, цаг уур, нийгмийн соёлыг сайн ойлгодог болсон нь төсөл үр дүнтэй хэрэгжихэд чухал ач холбогдолтойг онцлов.