НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1990 онд жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын ахмадын өдөр”, 1992 онд Монгол Улсын Засгийн газраас мөн өдрийг “Монголын ахмадын өдөр” болгон зарласан байдаг.
Энэ өдрийг тохиолдуулан ХААИС-ийн Захиргаа болон бүрэлдэхүүн сургуулийн удирдлага залуу нас, авьяас чадвар, хөдөлмөрөө сургуулийнхаа хөгжил, дэвшил ирээдүйн төлөө зориулан ажилласан үе үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
ХААИС-ийн захирал, дэд профессор О.Баатарцогт хэлсэн үгэндээ, Энэ сургуулийн хөгжил, цэцэглэлтэд бие сэтгэлээ зориулан ажилласан үе үеийн ахмадууддаа баярын мэнд хүргэе. Хөдөө аж ахуйн их сургуулийн хөгжлийн түүхийг бүтээлцсэн та нартаа талархаж байна. Удаан уулзаагүй бие биетэйгээ уулзаж, халуун сайхан дурсамж яриа өрнүүлэн энэ өдрийг сэтгэл дүүрэн өнгөрүүлээрэй. Миний бие төрөлх сургуулиа 2002 онд биотехнологич мэргэжлээр төгсөж, дээд боловсролтой мэргэжилтэн болсон. Энэ сургуулийн босгийг анх алхсан өдрөөс эхлэн зөвлөн тусалж, зааж сургаж ирсэн үйлчилгээ, санхүү, захиргааны албаны та бүхэнтэйгээ өнөөдөр дахин уулзсандаа баяртай байна.
ХААИС бол Монгол Улсын түүхэнд нэртэй, үнэ цэнтэй сургууль шүү, цаашид улам хөгжүүлээрэй гэсэн та бүхнийхээ үнэтэй захиасыг санаж ажиллах болно гэлээ.
Ажил хөдөлмөр, амжилт бүтээлээ эх орныхоо хөгжилд зориулсан ахмадууддаа урт насалж удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.