Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн 80 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү түүхт ойг тохиолдуулан “Мал аж ахуйн салбар 80 жилд” онол үйлдвэрлэлийн бага хурлыг (2022-09-29) зохион байгууллаа. Тус хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ХААИС-ийн захирал, дэд профессор О.Баатарцогт, ХААИС-ийн төгсөгч, Түмэн шувуут ХК-ийн захирал, доктор Л.Эрхэмбаяр, Академич Н.Тогтохбаяр, Хөгжлийн бодлого судлаач, доктор Гү.Сувдаа болон багш, судлаач, оюутан, төгсөгчдийн төлөөлөл оролцлоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тус хурлыг нээж үг хэлэхдээ, “Мал аж ахуйн үйлдвэрлэлд гарсан ололт амжилт бүхэн энэ салбарт ажиллаж буй малчид, мал зүйч, малын эмч, тэжээл бэлчээр судлаач, бусад мэргэжилтэн, эрдэмтдийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, мэргэжлийн өндөр ур чадвартай салшгүй холбоотой. Мал аж ахуй, биотехнологийн сургуульд бэлтгэгдсэн боловсон хүчнүүд төрөөс мал аж ахуйн талаар баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлснээр тус салбар тогтвортой хөгжсөөр байна” гэв.
ХААИС-ийн захирал О.Баатарцогт, Монгол улсад ХАА-н салбарын сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн салбарын хүний нөөц, хөгжлийг тодорхойлж буй ганц сургууль нь Хөдөө аж ахуйн их сургууль. Тэр дундаа Мал аж ахуй, биотехнологийн сургууль өнгөрсөн хийгээд өдгөө ч онцгой үүрэгтэйн зэрэгцээ олон салбарт энэ сургуулийн бэлтгэсэн мэргэжилтэн боловсон хүчин ажиллаж байна. Гэхдээ бид өнөөдөр энд зөвхөн амжилтын тухай ярих биш сорилт, бэрхшээлийг даван туулж, хөгжилд хүрэх боломжийн тухай хэлэлцэх хэрэгтэй. Монгол улс 2050 он гэхэд дэлхийн бусад улсуудтай харьцуулахад МАА-н салбар нь юугаараа онцлог байх вэ, яаж ондооших уу, давуу тал нь юу байх вэ гэдгийг хэлэлцэх хэрэгтэй. Зөвхөн МАА-н гаралтай бэлэн бүтээгдэхүүнээ экспортлох тухай биш, бид оюунаа, тэр оюунаар бүтээгдсэн брэнд бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд экспортолдог болох ёстой гээд энэ салбарын эрдэмтэн судлаач, оюутан суралцагчдад 80 жилийн ойн баяр хүргэн, өөрийгөө болоод улс эх орноо хөгжүүлж, ирээдүйн үнэ цэнэ бүтээхэд нь өндөр амжилт хүслээ.
Онол үйлдвэрлэлийн бага хурлаар “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага”, “Монголын мал аж ахуйн ирээдүй”, “Монгол орны бэлчээр тэжээлийн нөөц хангамж”, “Мал аж ахуйн салбарын сургалт судалгааны хүрсэн түвшин”, “Нийслэлийн хүн амын хүнсний хангамж, өнөөгийн байдал”, "Animal Welfare"-ийн зарчим болон шалгуур үзүүлэлтэд суурилсан нэгдмэл (holistic) судалгааг мал аж ахуйн салбарт хөгжүүлэх нь”, “НҮБ-аас зарласан бэлчээрийн жилд бидний оролцоо” сэдэвт илтгэлүүд танилцуулж, салбарын бодлогод дунд хугацааны стратегийн үзэл баримтлал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, “Ээлтэй мал аж ахуй-ирээдүйн баталгаа”, “Бэлчээр, тэжээл судлал”, “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал” зэрэг салбар хуралдаан боллоо.
Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Мал аж ахуйн технологийн тэнхим өнгөрсөн хугацаанд 5100 гаруй үндэсний мэргэжилтэн бэлтгэжээ. Эдгээр мэргэжилтнүүд хонины 24, ямааны 13, адууны 6, үхрийн 4, тэмээний 5 нийт 52 үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшлийн мал илрүүлэн баталгаажуулж, мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлснээс гадна гадаадын арвин ашиг шимт мал, амьтныг дэвшилтэд технологи ашиглан үржүүлэх, нутагшуулах талаар дорвитой ажил хийсэн байна. Мөн тус тэнхимийн багш нар олон арван ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл туурвиснаас гадна үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөр, шинжлэх ухаан, технологийн инновацийн төсөл, цөм технологи, онолын суурь судалгааны төсөл хэрэгжүүлж үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.