Хөдөө аж ахуйн их сургууль нь “Миний дэлгүүр ХХК”, “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК, “Ханбогд кашимер” ХХК компаниудтай сургалт, үйлдвэрлэлийн интерншип болон оюутны хөгжил хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллах гэрээ, санамж бичигт 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр “Миний дэлгүүр” ХХК-ны хүний нөөц захиргааны албаны дарга А.Сүрэнхүүхэн, “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК-ийн захиргаа, хүний нөөцийн газрын захирал Г.Сарангэрэл, “Ханбогд кашимер” ХХК-ны ерөнхий захирал Ч.Ганцэцэг болон ХААИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал Р.Чанцалдулам нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Санамж бичгийн хүрээнд ХААИС-ийн оюутнууд танхимын сургалтаар эзэмшсэн онолын мэдлэг, чадвараа практик үйл ажиллагаатай холбон бататган гүнзгийрүүлж, ажиглалт, судалгаа, боловсруулалт хийх чадвар, дадал болон ажлын байрны ур чадваруудыг эзэмших боломж бүрдэх юм.
Цаашид хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлэн судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллах, эрдэмтэн судлаачийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцлаа.
СУРГАЛТЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА