Монгол Улсад 8 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Инновацийн 7 хоног”-ийн хүрээнд оюутнуудын, суралцах хугацаандаа эзэмшсэн мэдлэг, ур чадвараа үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бүтээлчээр ашиглах дадал олгох, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, гарааны бизнес эрхлэх сонирхлыг хөхиүлэн дэмжих зорилгоор уг арга хэмжээг анх удаа Төрийн өмчийн 6 их сургуулийн оюутнуудын дунд амжилттай зохион байгууллаа.
Уг “Гавал толгой” сэдэвт инновацийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг ХААИС-иас санаачлан Мэдээлэл технологийн үндэсний парк (МТҮП)-тай хамтран 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 3 үе шаттайгаар зохион байгуулсан болно.
Уг уралдаанд нийт 50 гаруй оюутны бүтээл оролцсон бөгөөд эцсийн шатны шалгаруулалтад 10 шилдэг бүтээл оролцож, шилдгийн шилдгийг шалгаруулах арга хэмжээ 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр амжилттай болж, дүнгээ гаргалаа;
ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн оюутан Н.Батчимэгийн “Мойлтой ээдэм үйлдвэрлэх технологийн судалгаа”, МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн оюутан Г.Эрдэнэчимэг, Б.Энхцэнгүүн нарын “Ухаалаг хөгжмийн программ хөгжүүлэлт”, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн оюутан Н.Халиунаа, Анагаах ухааны сургуулийн оюутан Г.Доржбалам нарын “Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах апп”, ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн оюутан Г.Хуягсүрэн, Б.Өлзийсайхан, Ш.Анхцэцэг, Б.Гүнжидмаа нарын “Чоно үргээх төхөөрөмж” бүтээл тусгай байранд шалгарсан болно.
Тус уралдааны эцсийн шалгаруулалтад танилцуулсан бүтээлүүд нь үйлдвэрлэл, үйлчилгээнд ухаалаг технологи ашиглах, хүн эмнэлгийн эмчилгээний дэвшилт технологи боловсруулж, практикт нэвтрүүлэх, органик хүнс үйлдвэрлэх технологи боловсруулж, эрүүл хүнс үйлдвэрлэлийг дэмжих, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх органик бордоо үйлдвэрлэл, хүнсний ногооны үйлдвэрлэлийн дэвшилт техник, технологийн шийдэл зэрэг улс орны хөгжлийн тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэхэд чиглэгдсэн маш сонирхолтой бүтээлүүд байсныг зохион байгуулагчид болон шүүгчид тэмдэглэж байв. Оюутнуудын бүтээлүүд нь хүлээлтээс давсан, оновчтой шийдэл, шинэлэг, дэвшилт санаа, шийдлийг гаргасан сайн бүтээлүүд байлаа.
Уг уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар санал нэгдсэн болно.
Зохион байгуулагчдын зүгээс ШИНИЙГ САНААЧЛАГЧ, БҮТЭЭЛЧ, МАНЛАЙЛАГЧ ОЮУТНУУДДАА өндөр амжилт хүсье.
Зохион байгуулагч:
Хөдөө аж ахуйн их сургууль
Хамтран зохион байгуулагч:
Мэдээлэл технологийн үндэсний парк,
АШУҮИС, МУИС, МУБИС, ШУТИС, СУИС