ХААИС-ИЙН ЗАХИРЛААР ДЭД ПРОФЕССОР О.БААТАРЦОГТЫГ ТОМИЛЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-08-31 16:13:59

БШУ-ны сайдын тушаалаар ХААИС-ийн захирлаар доктор, дэд профессор О.Баатарцогтыг томиллоо. Ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2022-08-29) ХААИС-д ажиллаж, тушаалыг уншиж танилцуулан, сайдын өгсөн үүрэг, даалгаврыг уламжиллаа. О.Баатарцогт нь БНСУ-ын Хангёны үндэсний их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан, биотехнологич мэргэжилтэй. ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирлаар 8 жил тасралтгүй ажилласан юм.

Тэрээр энэ үеэр хэлсэн үгэндээ, Монгол улсын ууган их сургуулиудын нэг ХААИС-ийн 65 дахь хичээлийн шинэ жилийн босгон дээр энэхүү хүндтэй, хариуцлагатай үүрэгт албыг хүлээн авч байгаадаа талархаж байна. Хэдийгээр өнөөдөр бэрхшээл, сорилт байгаа ч ХААИС болон ХАА-н салбарын ирээдүйг гэрэлтэйгээр хардаг. Бэрхшээлийг шийдвэрлэх боломжуудыг эрэлхийлж ажиллах болно. Эрдэм шинжилгээ, судалгааны салбар дахь олон боломжуудыг олон улсын төсөл хөтөлбөр, хандивлагч байгууллагуудын хөтөлбөртэй уялдуулан хөгжүүлэх боломжийг эрэлхийлнэ. Мөн салбарын сайдын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж, их сургуулийн үе үеийн удирдлагуудын хичээл зүтгэлээр бий болсон ХААИС-ийн хөгжлийг түүчээлэн ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Профессор Т.Хэрүүгагийн хувьд ХААИС-ийн Магистр, докторын сургуулийн захирал, Бодлогын мониторинг, үнэлгээ хөгжлийн алба эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байгаад 2012 оноос ХААИС-ийн захирлаар томилогдон арван жил ажилласан. Тэрээр хэлсэн үгэндээ, Монгол улс Хөдөө аж ахуйн орон. Монгол улсад Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг нэг л сургууль бий. Тэр нь манай сургууль юм. Тиймээс Монгол улсын хөгжлийн ирээдүй нь  Хөдөө аж  ахуйн их сургуулийн бэлтгэн гаргаж буй мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвартай холбоотой. Хагас жарны түүхтэй эрдмийн хамт олныг удирдан ажиллах хүндтэй үүрэг хүлээж буйд баяр хүргэж, амжилт ерөөе гэлээ.