БНСУ-ЫН ИХ СУРГУУЛИУДЫН НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВЛӨЛ (KUCSS)-ИЙН ЗАХИРАЛ ХАН ЁН ТЭ ХААИС-Д ЗОЧЛОВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-02-16 19:54:11

БНСУ-ын Их сургуулиудын нийгмийн үйлчилгээний зөвлөл(KUCSS)-ийн захирал Хан Ён Тэ 2023.02.15-нд ХААИС-д зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тус зөвлөл нь 1996 онд байгуулагдсан, гадаад орнуудад нийгмийн сайн дурын ажил хийх сонирхолтой оюутнуудыг сонгон шалгаруулж, их сургуулиудад илгээдэг байгууллага юм.  Оюутнуудыг тав, таваар нь нэг баг болгон дунд болон богино хугацаагаар буюу 5 сар, 2 долоо хоногийн хугацаагаар илгээдэг. Эдгээр оюутнууд нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын ажлуудыг, тухайлбал, байгаль орчин цэвэрлэх, тохижуулах, Солонгос хэл, соёлын хичээл заах зэрэг үүрэгтэй.

Ковид 19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан 2020 оноос онлайнаар сайн дурын ажил хийж байсан ба энэ жилээс эхлэн сайн дурын оюутнуудыг илгээх хөтөлбөрийг дахин идэвхжүүлэхээр төлөвлөж, манай сургуультай хамтран ажиллах санал тавьсан юм.

Хүлээн авч байгаа сургуулийн зүгээс хоёр орны оюутнуудын хамтын ажиллагааг дэмжиж, ойлголцол, итгэлцлийн хүрээнд хамтран ажиллах үүрэгтэй.

2023 оны 9 дүгээр сараас эхлэн энэхүү хөтөлбөр хэрэгжиж, оюутнуудыг манай сургуульд илгээх юм.