ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХУРЛААР ХААИС-ИЙН 6 БАГИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-02-16 20:53:36

ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ төслийн Удирдах хорооны 40 дүгээр хурал 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ШУТИС-ийн Номын сангийн хурлын танхимд зохион байгуулагдлаа. Тус хурлыг төслийн удирдах хорооны дарга, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн удирдан явуулав.  

Энэ удаагийн хурлаар ХААИС нь  Инженер, технологийн дээд боловсрол төсөлд хамрагдаж байгаа бөгөөд ХААИС-иас Япон улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй  хамтарсан судалгааны 10 багийг бүрдүүлэн оролцох болон ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуульд Япон улсын КООСЭН сургууль байгуулах саналыг ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, доктор, профессор Б.Мөнхбат танилцууллаа.

Төслийн удирдах хорооны гишүүн ХААИС-ийн захирал, доктор, дэд профессор О.Баатарцогт: ХААИС-иас оролцож буй хамтарсан судалгааны төслүүд нь  урьд өмнө тус сургууль дээр хийгдэж эхэлсэн судалгааны ажлууд болохыг дурьдаад эдгээр эрдэм шинжилгээ судалгааны ажлуудыг Японы судлаачидтай хамтран үргэлжлүүлснээр илүү сайн үр дүн гаргаж,  инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гарааны компани байгуулан ажиллах боломжтой гэв.

Төслийн Удирдах хорооны гишүүд ХААИС-ийн Японы талтай хамтарсан судалгааны багуудын боловсруулсан төслийн саналыг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэртэй нийцсэн, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт чухал хэрэгцээтэй, цаг үеэ олсон судалгааны төслүүд болохыг  онцлон тэмдэглэсэн болно.

Төслийн Удирдах хорооноос ХААИС-ийн Японы их, дээд сургуулиудтай хамтарсан судалгаа хийх санал солилцон, зөвшилцөлд хүрсэн 6 багийн төслийг дэмжих, санал  нь эцэслэн ирээгүй, түр хүлээгдэж буй 4 багийн төслийн саналыг 2023 оны 03 дугаар сарын 15-наас өмнө ирүүлсэн тохиолдолд хамтарсан судалгааны багийг дэмжихээр боллоо.

Мөн түүнчлэн Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн салбар сургуулийг түшиглэн КООСЭН сургууль шинээр байгуулж, “Механик инженер”, “Цахилгаан электорникийн инженер”, “Мэдээллийн технологийн инженер” хөтөлбөрүүдээр элсэлт авч сургалт явуулах шийдвэрийг гаргав.

ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ төсөлд Хөдөө аж ахуйн их сургууль оролцсоноор хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээ судалгааны ажилд орчин үеийн шинэ арга зүй нэвтрэх, Япон Монголын эрдэмтэд харилцан хоёр оронд суралцаж сайн туршлагаа хуваалцах боломж бүрдэнэ. Мөн түүнчлэн төсөл үргэлжлэх хугацаанд ХААИС-ийн 13 багш докторантурт, 9 багш магистрантурт, 100 гаруй багш, судлаачид зэргийн бус сургалтад хамрагдаж  Япон Улсын их сургуулиудад Иений хөнгөлөлттэй зээлээр суралцах боломж нээгдэж байгаа юм.