Японы Гунма их сургуулийн Магистр, докторын сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн профессор Ватару Камитани болон туслах профессор Тацуки Такахаши нар өнөөдөр(2023-02-17) ХААИС-д зочиллоо. Уулзалтад ХААИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Сүхтулга, Мал эмнэлгийн сургуулийн захирал Ц.Эрдэнэ-Очир, профессор Б.Болдбаатар нар оролцов.
Профессор Ватару Камитани Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулиас магистрын нэг оюутан Вирус судлалын чиглэлээр Гунма их сургуульд тэтгэлэгтэй суралцах болсон сайхан мэдээг дуулгалаа.
Уулзалтын үеэр цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцоод жил бүр ахисан түвшний нэг оюутныг тэтгэлэгтэй суралцуулахаар тохиролцов. Гунма их сургууль нь 1949 онд байгуулагдсан улсын сургууль бөгөөд 6000 гаруй оюутантай, бүрэлдэхүүний 5 сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.