КЁНГБҮК ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР ЧУ ГИЛ ЖЭЙ МОНГОЛ МОРИНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХААР СУДАЛЖ БАЙНА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-02-17 18:11:31

БНСУ-ын Хөдөөгийн Хөгжлийн Корпораци(KRC-Korean Rural Community Corporation) болон Хүнс хөдөө аж ахуйн яам(MAFRA)-ны буцалтгүй тусламжаар “Монгол Улсын Мал эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх, мал амьтны эрүүл мэндийн төв байгуулах” төсөл ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль дээр амжилттай хэрэгжиж буй билээ. 2019 оны аравдугаар сараас 2023 оны арван хоёрдугаар сар хүртэлх 50 сарыг хугацаанд хэрэгжих 4 тэрбум воны санхүүжилттэй тус төслийн гүйцэтгэгч байгууллагаар БНСУ-ын “WOSEM” компани, Кёнгбүкийн Их Сургууль шалгаран амжилттай гүйцэтгэж байна.

Төслийн боловсролын салбар тэр дундаа малын эмч нарын чадавхыг бэхжүүлэх төслийн зохицуулагчаар Кёнгбүкийн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн профессор, адуу судлаач Чу Гил Жэ ажиллаж буй юм. Чу Гил Жэ профессор нь адууны эрүүл мэнд, бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн гэдгээрээ Солонгостоо алдартай судлаач юм.

Профессор энэ өвлийн амралтаараа төслийн хүрээнд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд ажиллахын зэрэгцээ адууны аж ахуй эрхлэгч, малын эмч, мэргэжилтнүүдтэй уулзан Монгол адуунд зонхилон тохиолдож буй өвчин эмгэг, шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлын талаар сонсож, судалгаа хийж байна.

Монголчууд эртнээс морио молор эрдэнэ хэмээн хүндэтгэн хайрлаж ирсэн сайхан уламжлалтай. Тиймээс 70 орчим мянган адууны бүртгэл мэдээллийн системийг бий болгох, эрүүл мэндийг хамгаалах асуудал нь нэн тэргүүний зорилт гэж үзэж, хоёр орны холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

Профессор Чу Гил Жэ нь монгол адууны үнэт генийн нөөцийг хадгалж үлдэх, уламжлалт хурдан морины уралдааныг шударга явуулах үүднээс Монгол адууны бүртгэл мэдээллийн төвийг байгуулж, бүртгэлийн системийг нэвтрүүлэх шаардлагатай гэж зөвлөж буй юм. Түүнчлэн одоо хэрэгжиж буй БНСУ-ын Хөдөөгийн Хөгжлийн Корпораци(KRC) болон Хүнс хөдөө аж ахуйн яам(MAFRA)-ны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсын Мал эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх, мал амьтны эрүүл мэндийн төв байгуулах” төсөл амжилттай дуусаж, адууны эрүүл мэндийг хамгаалах дараагийн шатны(ODA- Official development assistance) төсөл амжиллтай хэрэгжинэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Одоо хэрэгжиж буй төслийн хүрээнд малын оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн ашиглалт, мал, амьтны халдварт болон халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, чиглэлээр оюутан суралцагч, малын эмч, мал эмнэлгийн сургуулийн багш нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах, чадавхжуулах сургалтыг Солонгос болон Монголд хэд хэдэн удаа зохион байгуулсан.

Профессор Чу Гил Жэ нь дээрх сургалтыг зохион байгуулах ажлын хүрээнд Солонгосын Мал эмнэлгийн их сургуулийн багш нар болон гадны мэргэжилтнүүдийг Монголд илгээж малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэх чиглэлээрх сургалт болон Мал эмнэлгийн сургуулийн багш нарыг Солонгост урьж, өндөр хөгжилтэй орны мал эмнэлгийн салбарын оношилгоо, эмчилгээ, үйлчилгээтэй танилцах, технологийг нэвтрүүлэх урт, богино хугацааны сургалтыг зохион байгуулсан юм. Мөн БНСУ-д Монгол Улсын төрийн өндөр хэмжээний төлөөлөгчдийн айлчлалыг удирдан ажилласан билээ.