ХААИС-ИЙН 11 ТӨГСӨГЧ БНСУ-ЫН МАГИСТРАНТ, ДОКТОРАНТУРТ 100 ХУВИЙН ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАНА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-03-01 09:47:30

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж, КОЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр, ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль болон БНСУ-ын Хангёны үндэсний их сургуулийн хамтарсан "Монгол улсын ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх" төсөл амжилттай хэрэгжиж буй билээ.

Төслийн хүрээнд шалгаруулалтад тэнцсэн ХААИС-ийн 11 оюутан, төгсөгч БНСУ-ын Хангёны үндэсний их сургуулийн магистрант, докторантурт 100 хувийн тэтгэлэг болон цалинтай элсэн суралцах урилга авсан юм.

Шалгаруулалтад тэнцсэн оюутнууд 2-р сарын 26-нд БНСУ-д очсон бөгөөд 27-нд ХААИС-ийн захирал О.Баатарцогт, Хангён үндэсний их сургуулийн профессор, төслийн менежер Нам Ин Шиг нартай хамтарсан уулзалтад оролцлоо.

БНСУ-ын хичээлийн шинэ жил эхэлж буй энэ өдөр ХААИС-ийн захирал О.Баатарцогт болон төслийн менежер, Хангён их сургуулийн профессор Нам Ин Шиг нар оюутнуудад баяр хүргэн, эрдэм судлалын өндөр амжилт хүсэж, зорилгынхоо төлөө тууштай суралцахыг хүслээ.

Төслийн үндсэн зорилтын нэг болох Монгол Улсын Мал аж ахуйн салбарын хүний нөөцийг чадавхжуулах ажлын хүрээнд ийнхүү 11 төгсөгч, ахисан түвшний сургалтад бүрэн тэтгэлэгтэй суралцах эрх өвөрлөн, эрдмийн хаалга татлаа.

Ахисан түвшний оюутнууд Монгол орны Мал аж ахуйн салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шинэлэг инновац нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийхийн зэрэгцээ сурсан мэдлэг, туршлагаа эх орондоо түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Монголын мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийн нэмэгдүүлэх зорилготой тус төслийн хүрээнд мал аж ахуйн технологийн төв байгуулах, гарааны бизнесийн экосистемийг бэхжүүлэх, салбарын чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, судалгааны чадавхыг бэхжүүлэх зэрэг олон ажил хийгдэхээр төлөвлөгдсөн юм.