ХААИС-ийн захирал О.Баатарцогт, БНСУ-ын Хангёны их сургуулийн Насан туршийн боловсрол олгох сургуулийн захирал Кон Хон Шиг нар өнөөдөр(2023-03-02) насан туршийн боловсрол олгох төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын 21 аймаг, 330 сумын нутгийн онцлогт тохирсон ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр нас, мэргэжил харгалзахгүйгээр хүн бүхэнд боловсрол олгоход тус төслийн зорилго оршиж буй бөгөөд Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөртэй нийцэж байгаа билээ.
Энэхүү төсөлд оролцогсдод ХАА-н салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлагад нийцсэн, Монголын бүс нутагт тохирсон, ХАА-н технологийн талаарх мэдлэг, чадварыг хөгжүүлэх боловсрол олгохын зэрэгцээ гарааны санхүүжилт, хэрэгцээт материалын хамт цогцоор нь шийдвэрлэх юм. Төсөл хоёр жилийн хугацаанд үргэлжилнэ.