АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТЫН ДАДЛАГЫН ТАЙЛАН ХАМГААЛАЛТ БОЛЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-03-07 10:37:03

MONGWBL төслийн хүрээнд Хөдөө Аж Ахуйн Их Сургууль болон Соёл Урлагийн Их Сургуулийн “Аялал жуулчлал” хөтөлбөрийн оюутнуудын дадлагын тайлан хамгаалалтыг 2023 оны 03 сарын 6 өдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд хийлээ. Ажлын байранд суурилсан сургалтын дадлагыг оюутнууд 2022 оны 10-р сараас 2023 оны 1-р сарын хооронд 90 хоногийн хугацаатайгаар тур оператор байгууллага, зочид буудал, аялал жуулчлалын цахим маркетингийн байгууллага,  cоёл урлагийн байгууллага, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний төрийн бус байгууллагуудад хийж гүйцэтгэсэн байна.

Тайлан хамгаалалтыг СУИС, ХААИС, МАЖХ хамтран зохион байгуулж ажил олгогчдоос “Амар зочлол”, “Блю тур интернэшнл”, “Нью жуулчин” тур операторууд, “Цэцэг”, “Кемпинский”, “Баянгол” зочид буудлууд, Цагаан лавай чуулга зэрэг байгууллагын төлөөлөл оролцож оюутнуудын мэдлэг, ур чадварт үнэлгээ өгч, санал хүсэлтээ илэрхийлэв.

Төслийн хүрээнд боловсруулсан АБСС-ын удирдамжид заасны дагуу оюутнуудын сурч мэдсэн мэдлэг, практик ур чадварт ажил олгогчдын чиглүүлэгч ажилтан 70 хувийн, их сургуулийн удирдагч багш нар 30 хувийн үнэлгээг өгч байна.

90 хоногийн хугацаанд АБСС-д хамрагдсан оюутнуудын ажлын байранд эзэмшсэн мэдлэг, ур чадварыг үнэлж “Амар зочлол”, “Нью Жуулчин” тур операторууд , “Цэцэг”, “Баянгол” зочид буудал зэрэг байгууллагууд үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтийг гаргасан нь төслийн эхний үр өгөөж илэрч байгаа нь харагдаж байна.