АГРИМБА ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУД УНГАР УЛСЫН ДЕБРЕЦЕНИЙ ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРЫН ДИПЛОМ ГАРДАН АВЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-11-01 14:42:38

Олон улсын бизнесийн удирдлагын магистрын АГРИМБА хөтөлбөрийг (https://www.ica-europe.info/) 1995 оноос Вагенингений их сургууль (Нидерланд), Шотландын ХАА-н коллеж (Их Британи), Коркын их сургууль (Ирланд), Прагын ХАА-н их сургууль (Чех), Варшавын ХАА-н их сургууль (Польш), Дебрецений их сургууль (Унгар) хамтран зохион байгуулж эхэлсэн. Тус хөтөлбөр нь жил ирэх бүр өргөжсөөр эдүгээ Европын Холбоо, АНУ, Зүүн Европын 50 гаруй их сургуулийг эгнээндээ нэгтгэсэн сургалтын нэр хүнд бүхий томоохон сүлжээ болон өргөжсөөр байна.

Олон улсын АГРИМБА хөтөлбөр нь (https://www.ica-agrimba.eu/) бизнесийн удирдлагын чиглэлээр ажиллаж буй бизнесийнхэн, менежерүүдэд зориулагдсан хөтөлбөр бөгөөд ажиллахын зэрэгцээ суралцаж төгсөх боломжийг олгосон нь Европын бизнесменүүдийн талархлыг хүлээж байгаа юм. Үүний зэрэгцээ хөгжиж буй орнуудын топ болон дунд төвшний менежерүүдэд зориулагдсан чанартай боловсролыг хямд зардлаар эх орондоо эзэмшихэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

ХААИС-ийн Эдийн засаг, Бизнесийн сургууль нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх шалгуурыг хангаснаар хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдэн нь Монгол төдийгүй Ази тивээс уг хөтөлбөрт нэгдсэн анхны сургууль (http://agrimba.muls.edu.mn/) болоод байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Унгар улсын Дебрецений их сургууль, ХААИС хамтран ажиллах гэрээ байгуулан 2017 оноос эхлэн 1 жил Монголд, 1 жил Унгар улсад суралцан хос диплом авах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

Тус дэд хөтөлбөрөөр найман оюутан Унгар улсад суралцсан бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн эхний таван оюутан магистрын зэргээ амжилттай хамгаалан дипломоо гардан авлаа. Диплом гардуулах ёслолд ХААИС-ийн захирал О.Баатарцогт, ХААИС-ийн сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга Н.Батжаргал, Монгол дахь АГРИМБА хөтөлбөрийн захирал М.Эрдэнэбаяр, тус хөтөлбөрийн зохицуулагч Т.Эрдэнэчулуун нар оролцож, 2022 оны 10 дугаар сарын 26-ний өдөр төгсөгч оюутнуудад магистрын дипломыг албан ёсоор гардуулан өгч, баяр хүргэлээ.