Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан зохион байгуулдаг ХААИС-ийн профессор багш нарын хэрэгжүүлж буй олон улсын хамтарсан төсөл болон эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн төслийн үр дүнг танилцуулах өдөрлөг 2022 оны 11 дүгээр сарын 1-ээс 4-ний хооронд боллоо.
Профессор багш нарын санаачлан хэрэгжүүлж буй судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд хүргэх зорилготой энэхүү арга хэмжээнд судлаачид төслийнхөө зорилго, үр дүнг сургуулийн удирдлага, багш нар болон оюутан суралцагчдад танилцууллаа.
Өдөрлөгийг нээж ХААИС-ийн захирал О.Баатарцогт хэлсэн үгэндээ, ХААИС-ийн Шинжлэх ухаан, инновацын албанаас уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү өдөрлөгт зөвхөн багш, судлаачдаас гадна оюутан, суралцагчид маань оролцож, профессор багш нарынхаа санаачлан хэрэгжүүлж буй судалгааны үр дүнгээс санаа авах, ирээдүйн ажлаа тодорхойлох гэх мэт өргөн боломжийг олж харна гэж найдаж байна.
Энэ жилийн хувьд Шинжлэх ухаан, технологийн сангаас зарласан төслийн сонгон шалгаруулалтад ХААИС-ийн профессор багш нарын хүргүүлсэн 6 төслийн санал шалгарч, хэрэгжихээр болсон.
Мөн гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүд амжилттай хэрэгжиж, зохих үр дүнгээ өгсөөр байна. Мал эмнэлгийн сургуулийн БНСУ-тай хамтран хэрэгжүүлж буй “Мал эмнэлгийн салбарын чадавхыг сайжруулах, мал амьтны эрүүл мэндийн төв байгуулах” төсөл амжилттай хэрэгжиж, Монголд анхны жижиг амьтны эмнэлэг байгуулагдаж байна. Төслийн багийнхан энэ сарын 30-нд нээлт хийж, Монгол улсын Засгийн газарт хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мөн Инженер, технологийн сургууль Газар тариалангийн салбарт ухаалаг технологийг нэвтрүүлэх замаар тухайн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, аж үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах чиглэлийн төсөл амжилттай хэрэгжүүлж байна.
Үүний зэрэгцээ ХААИС-ийн багш, судлаач, оюутнуудын шинэлэг санал санаачилга, судалгааг дэмжих зорилгоор шалгарсан төслүүдэд 800 сая төгрөгийн санхүүлжилтийг сургуулиас олгосон. Тэдгээрийн үр дүн тодорхой хэмжээнд гарч байгаа гэв.
Одоогийн байдлаар ХААИС-ийн хэмжээнд бүрэлдэхүүний сургуулийн профессоруудын санаачлан хэрэгжүүлж буй гадаад, дотоодын санхүүжилттэй 50 гаруй төсөл хэрэгжиж байна.
Тухайлбал, Мал эмнэлгийн сургуулийн багш нар дотоодын санхүүжилттэй 6, гадаадын санхүүжилттэй 16, захиалгат, гэрээт ажил 4, бусад байгууллагатай хамтарсан 3 төсөлд оролцож, хамтран хэрэгжүүлж байгаа бол Агроэкологийн сургуулийн профессорууд 21 төсөл хэрэгжүүлж байна.