“ХӨРС ХАМГААЛАЛ, БОРДОО ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-12-02 12:45:44

Дэлхийн хөрсний өдөрт зориулж ХХААХҮЯ-ны Газар тариалан, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, ХААИС-ийн Агроэкологийн сургууль хамтран “Хөрс хамгаалал, бордоо үйлдвэрлэлийн технологи” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2022-12-02/ зохион байгуулж байна.

Хуралд Хөдөлмөрийн баатар Ч. Хурц, Гавьяат багш А.Чойжамц, Гавьяат агрономч Б.Дорж нарын болон МУИС, ШУТИС, УГТХ, УХХ, ШУА зэрэг 18 байгууллагын эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүд оролцож 13 илтгэл хэлэлцүүлнэ.

Хурлыг нээж Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр нь “Хөрс эрүүл бол хүнс эрүүл, Хүнс эрүүл бол Хүн эрүүл” гэсэн уриатай хэрэгжиж байгаа нь Дэлхийн хөрсний өдрийн уриатай нийцэж байна. Энэ жилийн эрдэм шинжилгээний хурал дээрх уриаг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаагаараа онцлог гэлээ. Мөн хүнсний бүтээгдэхүүний 98 хувь нь хөрснөөс бий болдог бол үлдсэн 2 хувь нь усны экосистемээс бий болдог гэдгийг онцоллоо.

НҮБ-ын ХХААБ-аас 2012 онд жил бүрийн 12 дугаар сарын 5 –ныг “Дэлхийн хөрсний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон байна. Энэ жилийн хувьд “Хүнс хөрснөөс эхтэй” гэсэн уриатайгаар дэлхий нийт хөрсний өдрөө тэмдэглэж буй юм.