БНПУ-ЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-05-11 11:57:26

БНПУ-ын Ломза дахь Хэрэглээний шинжлэх ухааны олон улсын их сургуулийн төлөөлөгчид 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ХААИС-ийн удирдлагатай уулзан харилцан санал солилцож, хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Уулзалтад ХААИС-ийн Захирал О.Баатарцогт, Захиргаа удирдлагын газрын захирал Д.Гансэлэм, Гадаад харилцаа, түншлэлийн албаны менежер Ц.Сүхтулга, мэргэжилтэн Г.Уянга, БНПУ-ын Хэрэглээний шинжлэх ухааны олон улсын их сургуулийн талаас Сургалт Хариуцсан Дэд захирал Анджей Борусиевич, Дэд захирал Ирэнюуш Зуховски, Судалгаа, хөгжлийн төсөл хариуцсан ахлах менежер Марек Миелницки нар оролцлоо.

БНПУ-ын Хэрэглээний шинжлэх ухааны олон улсын их сургуулийн Сургалт Хариуцсан Дэд Захирал Анджей Борусиевич хэлсэн үгэндээ, халуун дотноор хүлээн авч буй ХААИС-ийн удирдлагад талархаж буйгаа илэрхийлээд манай сургуулийн давуу тал нь үйлдвэрлэлд ойр гэдгээрээ онцлогтой. Мөн тус сургуулийн байрладаг муж сүү үйлдвэрлэлээрээ алдартай бөгөөд сүүний хэрэгцээний 3-ний 1 хувийг нь тус мужид үйлдвэрлэдэг гэв.

Цаашид ХАА-н судалгааны чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан эрдэм шинжилгээний сэтгүүл хэвлүүлэх, оюутан солилцоо тэр дундаа үйлдвэрлэлд дадлагажуулах хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов.