Хөдөө аж ахуйн салбарт бий болсон ИННОВАЦЫН ШИЙДЛҮҮДИЙГ бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт танилцуулах “AGRI SHOWCASE TOUR” арга хэмжээ амжилттай боллоо.
”AGRI SHOWCASE TOUR” арга хэмжээг Хөдөө аж ахуйн их сургууль, Эрдэм шинжилгээний байгууллагууд, “Стартап Маркетинг Спэйс Инвестмент” ХХК хамтран зохион байгуулсан нь “Төр-эрдэм шинжилгээ-хувийн хэвшил” гэсэн хамтын ажиллагааны илрэл болж байна.
Инновацын соёлыг түгээх, харилцан мэдлэг туршлага солилцох, түншлэлийг бэхжүүлэх зорилгоор 2015 оноос хойш 9 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Монголын “Инновацын 7 хоног” нэгдсэн арга хэмжээнд ХААИС, харьяа хүрээлэнгийн судлаачид инновацын бүтээгдэхүүнээрээ оролцсоор ирсэн юм.
Монголын “Инновацын 7 хоног” арга хэмжээ нь Монгол Улсад инновацыг хөгжүүлж, тогтвортой хөгжил, эдийн засгийн төрөлжилт, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх гэсэн нэгдсэн зорилгод хөтлөгдсөн хөдөө аж ахуйн салбарын бүтээлч залуус, эрдэмтэн, судлаачид, шинийг санаачлагч энтрепренер, нэмүү өртгийн сүлжээг үүсгэх хүсэл эрмэлзэл бүхий үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид хуран цугларч байгаагаараа чухал ач холбогдолтой билээ.
Түүнчлэн салбарын судлаачдын судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үр дүнд буй болгосон шилдэг инновацын төслүүдийг хөрөнгө оруулагч нарт танилцуулах “ШИНЭ БҮТЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА”, “ИННОВАЦЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН”, “AGRI SHOWCASE TOUR” арга хэмжээ, БИЗНЕС УУЛЗАЛТ-ыг зохион байгуулсан нь бодит үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа боллоо.
”AGRI SHOWCASE TOUR” арга хэмжээний хүрээнд хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачдын нийт 29 инновацын бүтээгдэхүүн оролцсоноос 9 бүтээгдэхүүнийг танилцуулсан бол 23 бүтээгдэхүүнийг нь үзэсгэлэнд дэлгэж олон нийтийн хүртээл болголоо.