ХААИС-ИЙН ЗАХИРЛААР ДОКТОР, ПРОФЕССОР Б.БААСАНСҮХ ТОМИЛОГДОЖ, ТАМГАА ГАРДАН АВЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-06-09 15:06:08

“ХААИС-ийн Захирлын албан тушаалд томилогдох иргэнийг сонгон шалгаруулах” тухай 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн зарын дагуу 7 оролцогч сонгон шалгаруулах ажлын хэсэгт материалаа ирүүлсэн.

Тус ажлын хэсэг “Төрийн өмчийн зарим их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг явуулж, онооны дарааллаар шалгарсан 3 оролцогчийн нэрсийг ХААИС-ийн Удирдах зөвлөлд танилцуулсан юм.

Тус хурлаар хамгийн өндөр оноо авсан доктор, профессор Б.Баасансүхийг ХААИС-ийн Захирлын албан тушаалд нэр дэвшүүлсэн.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Ажилд томилох тухай Б/60 дугаар тоот тушаалаар томилогдсон Ажлын хэсгийн гишүүдээр Ш.Нарантуяа (БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга), О.Оюунбилэг (БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага зохицуулалтын газрын ахлах шинжээч), Т.Туяацэцэг (БШУЯ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн), Г.Жаргал (ХААИС-ийн Ерөнхий нягтлан бодогч), нарийн бичгийн дарга Д.Одончимэг (БШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын шинжээч) нар ажиллав.

Ажлын хэсгийн гишүүд 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ХААИС-ийн Захирлын ажил, тамга тэмдгийг доктор, профессор Б.Баасансүхэд шилжүүлэн өгч, баяр хүргэлээ. 

Доктор, профессор Б.Баасансүх нь;

  • 1988-1989 онд Хэнтий аймгийн Мөрөн сумын  Сум нэгдлийн эдийн засагч;
  • 1989-1992 онд ХААИС-ийн Эдийн засгийн факультетад Багш;
  • 1992-1995 онд ХААИС-ийн Эдийн засгийн факультетийн Сургалтын төвийн эрхлэгч;
  • 1995-1997 онд ХААИС-ийн СЭШХ-д Эрдэмтэн нарийн бичгийн дарга;
  • 1997-2001 онд ХААИС-ийн Эдийн засгийн факультетийн Менежментийн тэнхимд Тэнхимийн эрхлэгч;
  • 2001-2005 онд ХААИС-ийн ЭЗБС-ийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, Захирал;
  • 2006-2014 онд ХААИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал;
  • 2014-2022 он хүртэл ХААИС-ийн ЭЗБС-ийн Захирлаар тус тус ажилласан юм.