ХААИС-ИЙН ДЭРГЭД “ФЕРМЕНТЖҮҮЛСЭН ТЭЖЭЭЛИЙН СУДАЛГАА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ” ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-06-09 17:45:56

БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийн газрын харьяа Монгол Копиа төвийн санхүүжилтээр ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, доктор Ж.Шинэхүүгийн удирдан хэрэгжүүлж буй “Монгол Улсад ферментжүүлсэн багсармал тэжээл үйлдвэрлэлийн технологийг нутагшуулах төсөл”-ийн хүрээнд ХААИС-ийн дэргэд “Ферментжүүлсэн тэжээлийн судалгаа үйлдвэрлэлийн төв”байгуулагдаж өнөөдөр (2023-06-09) үүдээ нээлээ.

Тус төвийн нээлтэд Монгол Копиа төвийн захирал У Мён Гюү, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны тэргүүн, доктор,профессор Ч.Даваабаяр, ХААИС-ийн Захиргаа удирдлагын газрын захирал Д.Гансэлэм, Академич Х.Тогтохбаяр, Төслийн удирдагч, доктор Ж.Шинэхүү болон сургуулийн удирдлага, багш нарын төлөөлөл оролцлоо.

Төвийн үйл ажиллагааг нээж Монгол Копиа төвийн захирал У Мён Гюү хэлсэн үгэндээ, Монгол улс өргөн уудам газар нутагтай, тэжээлийн хэрэгцээ шаардлага бага байсантай холбоотойгоор энэ чиглэлийн үйлдвэрлэл хожуу хөгжиж байна. Өдгөө эрчимжсэн мал аж ахуй хөгжиж буй энэ үед тэжээлийн эрэлт цаашид ч нэмэгдэх нь тодорхой юм. Монгол Копиа төв, ХААИС-ийн хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд, төслийн удирдагч, хамтран ажиллаж буй багш, судлаачдын хичээл зүтгэлийн үр дүнд “Ферментжүүлсэн тэжээлийн судалгаа, үйлдвэрлэлийн төв” нээгдэж, тэжээл үйлдвэрлэлийн салбарт шинэ боломжийг бүрдүүлж буйд талархаж байна. Цаашид бидний хамтын ажиллагаа олон талаар хөгжих болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны тэргүүн, доктор, профессор Ч.Даваабаяр; Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дэх бүтээмжийг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой төсөл хэрэгжүүлж, техник, технологийн эрин үед хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн бүтээгдэхүүн,  үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлж буй төслийн хамт олон, эрдэмтэн судлаачдад баяр хүргэж, амжилт хүсье гэв.

Төслийн хүрээнд хоёр баг хамтран ажиллаж буй бөгөөд нэгдүгээр баг болох биотехнологийн баг ашигтай бичил биетнийг өсгөвөрлөж, тэжээл судлалын баг дээрх бичил биетнийг боловсруулан баяжуулсан тэжээл үйлдвэрлэж байна.

Энэхүү төсөл нь 2022-2024 онд хэрэгжих бөгөөд Төв аймгийн Аргалант суманд 20 өрх, СХД 21-р хороо Партизанд 20 өрх, Сэлэнгэ аймгийн Сант суманд 20 өрх, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 20 өрх нийт 80 малчин өрхийн малын тэжээлийн хамгамжыг нэмэгдүүлэх замаар амжиргааг нь дэмжих буцалтгүй тусламж юм.

Төслийн үр дүнд эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийн тэжээлийн хангамж, тэжээл үйлдвэрлэлийг дэмжих (FTMR) замаар тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологийг нутагшуулж өрхийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, амжиргааны түвшинг нэмэгдүүлнэ хэмээн төслийн удирдагч, гүйцэтгэгч эрдэмтэн судлаачдын баг онцоллоо.