УХААЛАГ ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНХАУ-ЫН ХОЛБОГДОХ ТАЛУУДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-06-12 11:26:27

Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилттэй, БНХАУ-тай хамтарсан “Монгол-Хятадын хамтарсан инновацын загвар паркийг түшиглэн ухаалаг газар тариалан, мал аж ахуйн үндсэн технологийг хоршин хэрэгжүүлэх нь” сэдэвт хамтарсан төслийн ахлагч, академич А.Бакей, багийн  гишүүд АЭС-ийн багш, доктор Т.Насанжаргал, доктор Б.Батбилэг, ЭЗБС-ийн тэнхимийн эрхлэгч докторант Д.Кадирбек нар Хятадын талын түншлэгч байгуулагууд - БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн харилцааны яамны харьяа Төлөвлөлт, төсөвлөлтийн хүрээлэн, мөн Бээжингийн их сургуульд тус тус ажиллав.

Бээжинд ажиллах явцад одоо хэрэгжүүлж буй төслийн даалгавруудыг үр дүнтэй хүлээлгэж өгөх, улмаар тус төслийн суурин дээр шинэ төсөл боловсруулж, цаашид ухаалаг газар тариалан, мал аж ахуйн шинэ технологи хөгжүүлж, нэвтрүүлэх талаар хамтран ажиллахаар талууд санал нэгдэв.

Тус улсын Төлөвлөлт, төсөвлөлтийн хүрээлэнгээс ухаалаг газар тариалан, мал аж ахуйн талаар боловсруулсан үр дүнгүүдийг Монголын талын төслийн багт шилжүүлж өгөв. Үүнд, бэлчээрийн болон газар тариалангийн ургацыг хянах боломжтой сансар-агаар-газрын нэгдсэн платформ, программ, загварчлал, зураглалууд, зарим тоног төхөөрөмж, тайлан тооцоо зэргийг манай төслийн багийнхан ашиглах, үйлдвэрт нэвтрүүлэх боломжтой боллоо.

Төслийн багийн гишүүүд дараа нь Бээжингийн их сургуулиар зочилж, шинэ төслийн талаар санал солилцов. Тус уулзалтын үеэр Сичуан мужийн Дөян хотын Ухаалаг хөдөө аж ахуйн хүрээлэн нь ХААИС-ийн дэргэдэх Монгол-Хятадын технологи дамжуулах төвтэй хамтарч ажиллахаар болж, хоёр талын төлөөлөл хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Хятадын технологи дамжуулах төв нь Дөян хотын Ухаалаг хөдөө аж ахуйн хүрээлэнгийн боловсруулсан ухаалаг газар тариалан, мал аж ахуйн шинэ технологи, техникүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх, нутагшуулах боломж бүрдэж байна.