“МАА-Н САЛБАРЫН ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ” ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-06-12 15:13:13

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж, КОЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр, ХААИС, БНСУ-ын Хангён их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоо уялдааг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд  “МАА-Н САЛБАРЫН ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ” хөтөлбөрийн сургалт өнөөдөр (2023-06-12) эхэллээ.

Монгол улсын МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт гарааны бизнес эрхлэлтийг дэмжих, залуу үеийнхний бизнес удирдан явуулах чадавхыг бэхжүүлэх зорилгоор энэ чиглэлийн үйлдвэрлэл, бизнес эрхлэх сонирхолтой залууст 6-р сарын 12-16-ыг хүртэл тав хоногийн сургалт зохион байгуулж буй юм. Сургалтыг БШУЯ-ны харьяа Шинжлэх Ухааны Паркийн мэргэжилтнүүд, ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль (МААБС)-ийн багш, төслийн мэргэжилтнүүд удирдан явуулж байна.

“Монгол Улсын ХААИС-ийн сургалт судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд МУ-ын МАА-н салбарын гарааны бизнес эрхлэгчдийг чадавхжуулах хөтөлбөрийн эхний өдрийн сургалтын нээлтэд БШУЯ-ны харьяа Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал, доктор А.Амарсанаа, БНСУ-ын ХАА-н академийн гишүүн, гарааны бизнесийн зөвлөх профессор И Док Хён болон И Жэ Хүн, ХААИС-ийн МААБС-ийн Захирал Д.Гүрбазар, ХААИС-ийн ХШУС–ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга И.Баярбат, МААБС-ийн багш Т.Уламбаяр нар оролцлоо.

Уг сургалт нь анхан шатны сургалт бөгөөд ирэх жил дунд шатны сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.