ХААИС, ЯПОНЫ PEAR CARBON OFFSET INITIATIVE КОМПАНИТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-04-20 13:21:23

Японы PEAR Carbon Offset initiative компанийн Захирал Сасаки Казүо, Монгол салбарын захирал Б.Оюунтуяа нар(2023-04-19) ХААИС-д зочилж, сургуулийн удирдлагатай харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэлээ. Уулзалтад ХААИС-ийн захирал О.Баатарцогт, Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал Б.Мөнхбат, Гадаад харилцаа, түншлэлийн албаны менежер Ц.Сүхтулга нар байлцаж, хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажлаа харилцан тохиролцлоо.

Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд, Япон улсын био нүүрсний технологийг Монголд түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын мал аж ахуйн салбарыг бэхжүүлэх, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор дараах ажлуудыг хамтран гүйцэтгэх юм. Цөлжилт ихтэй, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмхий бүс нутагт био нүүрсээр бэлчээрийг нөхөн сэргээх, бэлчээрийн өвсний ургалтыг дэмжих, мал аж ахуйн салбарыг бэхжүүлэх судалгаа хийхийн зэрэгцээ Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээхэд хувь нэмэр оруулах, био нүүрс ашиглан нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах судалгааг хийж, хамтарсан төсөл боловсруулах юм.

Мөн Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор био нүүрсийг орлох түлш болгож, түгээн дэлгэрүүлэх судалгааг хийхээр талууд тохиролцлоо.