Хөдөө аж ахуйн их сургууль, Юргана Индастри ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх, судалгаанд суурилсан бодлогын шийдвэрт дэмжлэг үзүүлэх, мэдлэгт суурилсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн Монгол улсын дотоодын болон экспортын зах зээлд гаргах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
“Хамтын ажиллагааны санамж бичиг”-т ХААИС-ийн захирал О.Баатарцогт, Юргана Индастри ХХК-ийн захирал Б.Чанцалдулам нар гарын үсэг зурлаа. Уулзалтад ХААИС-ийг төлөөлж, Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал Б.Мөнхбат, Судалгаа, инновацын албаны менежер, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Баярмаа, мэргэжилтэн Д.Байгальмаа, Юргана Индастри ХХК-ийн талаас Үйлдвэрийн дарга Ч.Болормаа, Захиргаа, хүний нөөцийн менежер Ц.Цоггэрэл нар оролцлоо.
Уг санамж бичгийн зорилго нь "Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх" үндэсний хөтөлбөр болон Юргана Индастри ХХК-ийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, зорилтын хүрээнд, харьяа лабораториуд болон бусад судалгааны баазыг түшиглэн судалгааны ажлыг хэрэгжүүлэх, ахисан түвшний суралцагчдын судалгаанд хамруулах, тэдгээр судлаачдын судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнд гарсан шинэ мэдлэг, бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэх юм.
Мөн хамтарсан эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, сургалт семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, үр дүнг олон нийт, судлаачид, бодлого боловсруулагчдад танилцуулах, түгээн дэлгэрүүлэх, хамтарсан судалгаанаас гарсан үр дүнгээр бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, олны хүртээл болгох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлалыг ашиглан гарааны компани байгуулах, мэдлэг, туршлагаа хуваалцах сургалт зохион байгуулах, судлаач, эрдэмтдийг Юргана Индастри ментор буюу зөвлөхөөр ажиллуулж, мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлыг хамтран эхлүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үр дүнг оюуны өмчөөр баталгаажуулах зэрэг олон ажлыг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгасан байна.
Хоёр байгууллага хамтын ажиллагааны үр дүнд байгалийн идэвхжүүлсэн бил нүүрс агуулсан шүдний оо, үсний шампунь зэрэг шинэ брэндийг бий болгож, дотоодын зах зээлд нийлүүлээд байна. Тус шүдний ооны найрлага нь байгалийн идэвхжүүлсэн био нүүрс болон монгол хүний үндсэн хүнсний нэг аарцнаас гаргаж авсан кальци, зөгийн жилий, хар модны давирхай агуулсан натурал орцтой. Парабен, сульфат, силикон, триклосан, фтор агуулаагүй, шүд цайруулах үйлчилгээтэй гэдгээрээ давуу талтай юм.
Тус компани 56 нэр төрлийн ахуйн болон үс, арьс арчилгаа, эрүүл мэндийн URGANAнэртэй брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна. Цаашид "Монголын Уламжлалт Анагаах Ухааныг дэлхийд" гаргах "Уламжлалт мэдлэгийг орчин үеийн технологитой хослуулан эрүүл мэнд, гоо сайхны хамгийн үнэ цэнтэй брэнд"- бүтээн олон улсын зах зээлд экспортлох зорилт тавин ажиллаж буй аж.