Герман Монголын хамтын ажиллагааны "Тогтвортой хөдөө аж ахуй" төсөл ХААИС-тай хамтран “Монгол орны хөрсний тогтвортой менежемент ба тэсвэрлэх чадвар: Асуудал ба Шийдэл “ нээлттэй семинарыг 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулав.
ХААИС-ийн Агроэкологийн сургууль дээр хөрс судлалын орчин үеийн лабораторийн аргуудыг нэвтрүүлэх зорилготойтус сургалт 2 өдөр, лабораторийн үзүүлэх сургалт, олон нийтэд зориулсан нээлттэй семинар хэлбэрээр зохион байгуулагдаж, 70 гаруй судлаач, багш нар болон оюутнууд оролцлоо.
Нээлттэй семинарыг зочин илтгэгч ХБНГУ-ын Ханноверийн их сургуулийн профессор Гүггэнбергер удирдаж, тариалангийн газрын хөрсийг хэрхэн хамгаалах, чийг болон үржил шимийг хадгалах талаар танилцуулав.
Тэрээр хөрс бол нөхөн сэргээгдэхгүй нөөц гэдгийг тэмдэглээд тал хээрийн хөрс маш эмзэг байдаг тул зөв менежмент хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов.
Хөрсийг тогтвортой хадгалахад хөрсний механик элэгдэл, эвдрэлийг хамгийн бага хэмжээнд байлгах, тариалалтын хооронд үр тарианы гуурс эсхүл сүрлэн хучлага бүхий байнгын органик бүрхэвч үүсгэх, төрөл бүрийн үр тариа, таримлаар ээлжлэн тариалалт хийх буюу ногоон уриншийг ашиглах нь чухал ач холбогдолтой талаар ярилаа.
Нээлттэй семинарт ХААИС-ийн Агро экологийн сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, лабораторийн ажилтнууд болон оюутнууд оролцлоо.