ХААИС ХӨВСГӨЛ АЙМАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-10-09 15:17:33

Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Б.Баасансүх, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзориг, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Хөвсгөл салбарын ерөнхийлөгч Ш.Идэрбаясгалан нар Хөвсгөл аймагт Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний судалгаа хөгжүүлэлт, инновацын бүтээгдэхүүнийг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн зорилго нь талууд ХАА-н салбарт хөгжлийн бүхий л асуудлаар мэдээлэл, туршлагаа солилцож хамтран ажиллах чиглэл, хэлбэрийг тодорхойлж, эрдэм шинжилгээ, судалгаа, технологи хөгжүүлэлт, орон нутагт инновацыг бий болгоход харилцан уялдаатай ажиллаж, хамтран хөгжихөд оршиж буй юм.

Тухайлбал, Орон нутгийн мал сүргийн генетик нөөцөд үнэлгээ хийх, төлөв байдлыг тодорхойлох, мал сүргийн чанарыг бататган сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлд үржил селекцийн ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх;

-Мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанарыг сайжруулах, мал, амьтныг төрөл бүрийн өвчинтэй тэмцэх, сэргийлэх, эрүүлжүүлэх, орон нутагт элбэг тохиолддог өвчнийг оношлох, эмчлэх болон сүүлийн үеийн эмчилгээний арга технологийг нэвтрүүлэх;

-Мах болон сүүний үхэр, гахай, шувууны аж ахуйн чиглэлээр эрчимжсэн аж ахуйг орон нутагт хөгжүүлэх суурь түвшин судлах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;

-Малын тэжээлийн баазыг бэхжүүлэх, бэлчээрийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалд тохирсон уураг, энергийн агууламж ихтэй тэжээлийн таримлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үрийн сонголт хольц, норм, хөрс боловсруулалт, тариалах, тэжээл бэлтгэх технологийн чиглэлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх;

-Орон нутгийн түүхий эдэд тулгуурласан тэжээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн сонголт, тэжээл /дарш, багсармал тэжээл, ногоон тэжээл/ бэлтгэх дэвшилт технологийг нэвтрүүлэх

-Газар тариалан, хүлэмжийн аж ахуй, бэлчээрийн болон таримал ургамал хамгаалал, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн аж ахуйн чиглэлээр дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ухаалаг ХАА-г орон нутагт хөгжүүлэх чиглэлд хамтрах

-Бүс нутгийн бэлчээрийн болон тариалангийн талбайн хөрсний үржил шимийг судлах, сайжруулах, хөрс хамгааллын чиглэлээр менежментийн төлөвлөгөө хамтран боловсруулах, хэрэгжүүлэх гэх мэт өргөн хүрээнд хамтран ажиллахаар тус санамж бичигт тусгажээ.