Монгол Улсын ХАА-н шинжлэх ухааны академи, Хөдөө аж ахуйн их сургууль, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Агробиотехнологийн Холбооны судалгааны төвтэй хамтран “Евро-Азийн хөдөө аж ахуйн хөгжилд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн 26 дахь удаагийн уламжлалт чуулганыг 2023 оны 10 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулав.
Уг чуулганаар Евро-Азийн бүс нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, түүнчлэн дэлхий нийтийн амин чухал тулгамдсан асуудал болох хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангахад хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологи, инновацын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, судлаачдын оролцоог нэмэгдүүлэх асуудлыг бүх талаас нь олон талын оролцоотой хэлэлцлээ.
Тус чуулган 1998 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд орон орны судлаачдын оролцоо, хамрах хүрээ жилээс жилд өргөжиж байгаа бөгөөд энэ удаагийн чуулганы хувьд бүс нутгийн хүрээг тэлж, Ази болон Европ тивийг хамруулан зохион байгаагаараа онцлог юм.
Мөн энэ удаа уг уламжлалт чуулганыг санаачлагч, зохион байгуулагчдын нэг, Монгол Улсын Ардын багш, Малын гавьяат эмч, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, ХАА-н ШУА-ийн ерөнхийлөгч асан, Бадарчийн Бямбаагийн нэрэмжит болгон зохион байгууллаа.
Чуулганы үеэр түүний амьдрал, бүтээлийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүллээ.
Тэрээр Монгол улсын ХАА-н дээд боловрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг судлаач, удирдан зохион байгуулагч, цуут эрдэмтэн, шинийг санаачлагч, инноватор, суут сурган хүмүүжүүлэгч нэгэн байсан билээ.
Энэ удаагийн чуулганы нэгдсэн болон салбар хуралдаанд Монгол Улс, ОХУ, Беларус улс, Казахстан Улс, Киргизстан улс, Армени, Австри, Этиоп зэрэг 8 улс орны 50 гаруй эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид оролцож байгаа бөгөөд 250 орчим илтгэлийг танхим, зайн болон эчнээ байдлаар хэлэлцүүлсэн нь уг чуулганы хамрах хүрээ, ач холбогдлыг тодотгосон хэрэг боллоо.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ