"АКАДЕМИЧ БАДАРЧИЙН БЯМБААГИЙН НЭРЭМЖИТ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ШАГНАЛ" ХҮРТСЭН ЭРДЭМТНИЙГ 100 САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛНА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-10-09 17:13:45

"ЕВРО-АЗИЙН ХАА-Н ХӨГЖИЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ" сэдэвт 26 дахь удаагийн олон улсын чуулганыг Академич Бадарчийн Бямбаагийн нэрэмжит болгон Улаанбаатар хотноо 2023 оны 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Мөн энэхүү хуралтай холбогдуулан ар гэр, үр хүүхэд, ах дүү, эрдмийн шавь нарын санаачилгаар “АКАДЕМИЧ БАДАРЧИЙН БЯМБАА САН”-г байгуулсан байна. Энэхүү сангаар дамжуулан шилдэг эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг дэмжих зорилгоор "Академич Бадарчийн Бямбаагийн нэрэмжит шинжлэх ухаан технологийн шагнал"-ыг бий болгожээ.

"АКАДЕМИЧ БАДАРЧИЙН БЯМБААГИЙН НЭРЭМЖИТ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ШАГНАЛ"-ыг эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын цар хүрээ, үр дүнгээс  хамааран 3-5 жил тутамд шилдэг 1 эрдэмтний бүтээл эсвэл шилдэг 1 эрдэмтэн судлаачдын багийн ажилд олгох юм. "Академич Бадарчийн Бямбаагийн нэрэмжит шинжлэх ухаан технологийн шагнал"-ыг академичийн дүрс бүхий энгэрийн тэмдэг, өргөмжлөл, 100 сая төгрөг хүртэлх мөнгөн урамшуулал дагалдана. Шагнал олгох журмыг боловсруулан удахгүй шинжлэх ухааны байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж байна.

Дашрамд дурдахад Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Шинжлэх Ухаан технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг Монгол Улсын Ардын багш, Малын гавьяат эмч, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, ХАА-н ШУА-ийн ерөнхийлөгч асан, Бадарчийн Бямбаа агсан хүртэж, 100 сая төгрөгөөр шагнуулж байсан билээ.

Тэрбээр уг шагналыг “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлээрээ хүртэж байсан юм.