“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030”, Дээд боловсролын тухай хууль, БШУ-ны Сайдын 2023 оны А/240 дугаар тушаал, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн албан даалгавар, Дээд боловсролын салбарын 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилт зэрэг баримт бичигт суралцагчдад чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй олгох, үр дүнд суурилсан чанарын баталгаажуулалтыг онцгойлон анхаарах талаар тусгасаар байна.
Боловсролын ерөнхий хуульд зааснаар “Чанарын баталгаажуулалт” гэж боловсрол, сургалтын чанарыг хууль тогтоомжид заасан шаардлага, чанарын шалгуур, стандартад нийцсэн эсэхийг үнэлж дүгнэх, сайжруулах, үр дүнг баталгаажуулах үйл явцыг хэлнэ.
Дээд боловсролын тухай хуульд “Дээд боловсролын чанарын баталгаажуулалт нь сургуулийн сургалт, судалгааны гүйцэтгэлийн болон чанарын удирдлагыг сайжруулах зорилготой, нээлттэй, оролцогч талыг хамарсан тасралтгүй үйл ажиллагаа байна” гэж заасан. Дээд боловсролын чанарын баталгаажуулалт нь 1. Дотоод чанарын баталгаажуулалт, 2. Хөндлөнгийн үнэлгээ, 3. Магадлан итгэмжлэл гэсэн хэлбэртэй байна.
ХААИС-ийн чанарын баталгаажуулалтыг хөгжүүлэх, сургалт, судалгааны гүйцэтгэлийн болон чанарын удирдлагын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах арга хэмжээний хүрээнд тус их сургуулийн үйл ажиллагаанд Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо MNS ISO 21001:2021 (ISO 21001:2018) стандартыг хэрэгжүүлж эхэллээ.
Өнөөдрийн нээлттэй уулзалт-хэлэлцүүлэгт ХААИС-ийн Сургалт, цахим шилжилтийн бодлогын газрын захирал Г.Энхбаяр, бүрэлдэхүүний сургуулийн захирал Ж.Мөнгөн, Д.Гүрбазар, сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар болон профессор багш, ажилтнууд оролцлоо.
Цаашид их сургуулийн засаглал манлайлал, стратеги менежмент, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа, хамтын ажиллагаа, түншлэлийг тасралтгүй сайжруулж хөгжүүлэх, үйл ажиллагааг зохицуулах баримт бичиг боловсруулах үйл явцад хамт олны оролцоог хангах нь чухал юм.
Их сургуулийн чанарын баталгаажуулалт, сургалт, судалгааны гүйцэтгэлийн болон чанарын удирдлагын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулж хөгжүүлэх, стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд манлайлал үзүүлж идэвхтэй оролцон, хамтран ажиллахыг нийт профессор багш, ажилтан, оюутан суралцагчид, оролцогч талуудад уриалж байна.