КОЙКА ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2023-10-13 12:37:02

БНСУ-ын КОЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр, Хангён үндэсний их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоо уялдааг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн удирдах хорооны анхдугаар хурал 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр боллоо. Хурлын арга хэмжээнд КОЙКА-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн орлогч дарга Пэг Мин Жү, БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын ахлах шинжээч О.Оюунбилэг, шинжээч Б.Урьболд, ХХААХҮЯ-ны газар  тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга  Д.Есөн-Эрдэнэ, Хангён их сургуулийн профессор Нам Ин Шиг, ХААИС-ийн ректор Б.Баасансүх, Захиргаа удирдлагын газрын захирал Д.Гансэлэм, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал Д.Гүрбазар болон профессор багш нар оролцлоо.

Хуралд тус төслийн хэрэгжилтийн явц, цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар санал, шийдвэрлэх асуудлын талаар хэлэлцлээ. Уг төсөл нь 2022-2026 он хүртэл хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд “Мал аж ахуйн технологи дамжуулах төв”-ийг байгуулан сургалт-судалгаа-үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн хүрээнд гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, бойжуулах, шинэ технологи боловсруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой юм.

Мал аж ахуйн технологи дамжуулах төвийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан тус төвийг түшиглэн Хангён их сургуулиас 400 сая төгрөгийн өртөг бүхий төслийг ХААИС, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн судлаачдын дунд зарлан 2024 оноос хэрэгжүүлэхээр тогтсон байна.