“ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТЫГ НЭВТРҮҮЛЖ, ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ERASMUS+MONGWBL ТӨСЛИЙН ҮР ДҮНГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2023-10-13 17:38:56

“Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” ERASMUS+MONGWBL төслийн үр дүнгийн хэлэлцүүлэг 2023 оны 10 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Үр дүнгийн хэлэлцүүлгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Европын Холбооноос Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Аксель Никейз, Франц Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Сэбастиан Сүрүн, Герман Улсын Элчин сайдын яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн газрын дарга ноён Удо Вебер, Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга ноён Х.Тамир нар нээж үг хэлэв. Хэлэлцүүлэгт их дээд сургуулийн удирдлага, багш, оюутнууд, бизнесийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 150 орчим хүн оролцлоо.

Хэлэлцүүлгээр төслийн гол үр дүн болох ажлын байранд суурилсан сургалтын бодлогын баримт бичиг, жишиг хөтөлбөр болон гарын авлагын танилцуулга хийгдэж мөн “Ажлын байранд суурилсан сургалт”-д хамрагдсан оюутнууд ажлын урилга авч, тухайн байгууллагадаа үндсэн ажилтнаар ажиллаж байгаа төгсөгчид өөрийн сурсан мэдсэн зүйл, ажлын туршлага, ур чадвар, хувь хүний хөгжилд гарсан гол өөрчлөлт, үр дүнгээ хуваалцав.

Төслийн ерөнхий зохицуулагчаар Отгонтэнгэр их сургууль ажиллаж БШУЯ, ХААИС, СЭЗИС, СУИС, МУИС-ийн Дорнод салбар сургууль, Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Голомт банк, Төрийн банк хамтран ажиллаж “Аялал жуулчлал” болон “Банк санхүү” мэргэжлийн хөтөлбөрүүдийг жишиг болгон авч дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Европын холбооны төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Тус төсөлд ХААИС-ийн “Аялал жуулчлал” мэргэжлийн хөтөлбөрийн багш нар хамрагдаж Европын зарим орны дээд боловсролын тогтолцоонд хэрэгжсэн “Ажлын байранд суурилсан сургалтын сайн туршлага”-ыг судалж, аялал жуулчлал мэргэжлийн онцлогт нийцүүлэн тодорхой үр дүнгүүдийг гаргасаар байна.

Гурван жилийн хугацаатай хэрэгжиж буй төслийн энэ удаагийн хэлэлцүүлэгт ажлын байранд суурилсан сургалтад амжилттай хамрагдсан ХААИС-ийн оюутнуудыг төлөөлж байгалийн аялал жуулчлал мэргэжлийн V ангийн оюутан Б.Мөнхцэцэг сурсан мэдсэн зүйл, ажлын туршлага, ур чадвар, хувь хүний хөгжилд гарсан өөрчлөлт, үр дүнгээ хуваалцлаа.

Ажлын байранд сургах хөтөлбөр нь дээд боловсролтой төгсөгчдийн бодит ур чадвар ба тэдэнд хөдөлмөрийн зах зээлээс тавьж буй шаардлага хоёрын зөрүүтэй байдлыг арилгах, ажил олгогчдын буюу хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг төгсөгчдийн тоо хангахгүй байгаа асуудлыг шийдэхэд чиглэсэн нь нийгэмд ихээхэн ач холбогдолтой юм.

Хөдөлмөрийн зах зээлд бүрэн бэлтгэгдсэн төгсөгч бэлтгэхэд төрийн зүгээс тодорхой бодлого, зохицуулалт шаардлагатай, нөгөө талаас их сургуулиуд одоогийн хэрэгжүүлж буй дадлагын уламжлалт тогтолцоогоо өөрчлөх, ажил олгогчидтой хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох үүрэг ролийг нь нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн төгсөгч бэлтгэхэд үр дүнтэй хамтарч ажиллах шаардлагатай байна.