БНСУ-ын буцалтгүй тусламжаар ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн дэргэд Мал амьтны эрүүл мэндийн төв байгуулагдаж, өнөөдөр (2023-06-28) нээлтээ хийлээ.
Ийнхүү ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн дэргэд Мал, амьтны эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлж буй нь суралцагчдад сурч мэдсэн зүйлээ бодитоор туршиж дадлага олох, багш нар судалгаа, шинжилгээ хийх, мал, амьтны халдварт болон халдваргүй өвчнийг орчин үеийн дэвшилтэт технологи, багаж, тоног төхөөрөмж ашиглан эмчлэх өргөн боломж бүрдэж буй юм.
Тус эмнэлэг БНСУ-ын Хөдөөгийн Хөгжлийн Корпораци(KRC) болон Хүнс, хөдөө аж ахуйн яам(MAFRA)-ны буцалтгүй тусламжаар “Монгол Улсын мал эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх, мал амьтны эрүүл мэндийн төв байгуулах” төслийн хүрээнд байгуулагдлаа.
Төслийг Монголын талаас ХХААХҮЯ, Сангийн Яам болон ХААИС, БНСУ-ын талаас Хөдөөгийн Хөгжлийн Корпорац(KRC) болон Хүнс хөдөө аж ахуйн яам(MAFRA) хоорондын гэрээгээр 2019 оноос 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжүүлэхээр талууд гарын үсэг зурсан юм. Харин хэрэгжүүлэгч байгууллагаар БНСУ-ын “WOSEM” компани, Кёнгбүкийн Их Сургуулийн Мал эмнэлгийн сургууль шалгаран бүтээн байгуулалт, багш, судлаачдыг чадавхжуулж, дадлагажуулах ажлыг гүйцэтгэсэн юм.
ХААИС-ийн МЭС-ийн Мал, амьтны эмнэлгийн нээлтэд ЕТГ-ын дарга Я.Содбаатар, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Солонгосын Хөдөөгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Хилийн чанад дахь төсөл хариуцсан дарга Ким Дунг Ин, БШУЯ-ны Сайдын зөвлөх М.Батгэрэл, ХААИС-ийн ТУЗ-ийн дарга Д.Тэрбишдагва, ХААИС-ийн захирал Б.Баасансүх, Төслийн менежер Жон Жэй Хүнь, Мал, амьтны эмнэлгийн захирал А.Гомбожав, Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа, БШУЯ-ны Газрын дарга Х.Тамир болон ХААИС-ийн эрдэмтэн судлаачид, Олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо.
Нээлтийн үеэр ХААИС нь БНСУ-ын Хөдөөгийн Хөгжлийн Корпораци(KRC)-тай хамтран ажиллах гэрээ байгуулсны зэрэгцээ тус төслийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гарган оролцсон байгууллагын хамт олонд Талархлын бичиг гардуулан өглөө.
Төслийн нийт төсөвт өртөг 4 сая ам.доллар бөгөөд 1432 м.кв зоорины давхараас гадна 3 давхар барилга, тавилга, эд хогшил, эмнэлгийн үйл ажиллагаанд зориулсан мэс засал, лабораторийн тоног төхөөрөмж бусад багаж хэрэгслүүд бүтээн байгуулалтын зардалд тусгагдсан юм. Мөн Мал эмнэлгийн сургуулийн багш нар, малын эмч нарын ур чадварыг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх зорилгоор тухайн төвд хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах болон Солонгосын мал эмнэлгийн орчин үеийн эмчилгээний арга барил, туршлага олгох сургалтыг БНСУ-ын Кёнгбүкийн Их Сургуультай хамтран хэрэгжүүлсэн. Багш, малын эмч, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах сургалтын хүрээнд МЭС-иас 7 багшийн бүрэлдэхүүнтэй баг 7 хоногоор тус бүр 2 удаа, 15 багшийн бүрэлдэхүүнтэй баг 10 хоногоор 1 удаа БНСУ-д ирж мэргэжлийн ур чадвар сайжруулах сургалтад хамрагдсан юм. Мөн БНСУ-ын Кёнгбүкийн их сургуулийн багш, судлаачид Монголд зочилж, багш, оюутан, малын эмч нарт 10 удаагийн сургалт, семинар, 4 удаагийн дадлага олгох сургалтыг зохион байгуулжээ. Үүний зэрэгцээ барилгын гүйцэтгэл, тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалт, үйл ажиллагааны менежментийн чиглэлээр мэргэжлийн экспертүүд зөвлөн ажиллаж байна.