MONGWBL ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ОЛОН УЛСЫН СУРГАЛТ БОЛЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-07-06 11:45:48

Европын холбооны санхүүжилттэй Erasmus+ MONGWBL “Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” олон улсын хамтарсан төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалтын уян хатан загвар бүхий хөтөлбөрийн хэрэгжүүлэлт, олон улсын туршлага солилцох сургалт” 2023 оны 6 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд боллоо. Сургалтыг Европын холбооны оролцогч Грек улсын Македоны их сургууль зохион байгуулсан бөгөөд сургалтад БШУЯ, их сургуулиуд, Монголын аялал жуулчлалын холбоо, Төрийн банк, Голомт банк, Францын Лионы их сургууль, Румын улсын Трансилванын их сургууль зэрэг бүх оролцогч байгууллагын 50 гаруй хүний бүрэлдэхүүн хамрагдав.

Энэ удаагийн сургалтаар ажлын байранд суурилсан сургалтын хэрэгжилт, Грек улсын дээд боловсролын салбарт нэвтрүүлсэн туршлага, ажлын байранд суурилсан сургалтын ач холбогдол зэрэг агуулгыг багтаасан байлаа.

Мөн Македоны их сургуулийн оюутнууд ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрт хэрхэн хамрагдсан тухай туршлагаа хуваалцлаа. Ажлын байранд суурилсан сургалтад хамрагдсанаар оюутнуудад ямар өгөөжтэй байсан, ямар ур чадваруудыг эзэмшсэн, юу суралцсан талаарх туршлагаасаа танилцуулав. Оюутнууд ажлын байранд суурилсан сургалтад хамрагдаж, өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, өөрийн хөгжлийн карьераа олж авсан тухайгаа ярилаа.

Сургалтад оролцож байгаа ажил олгогчдын зүгээс оюутнуудыг хэрхэн үнэлэх, ажлын байран дээр нь ямар төрлийн сургалтуудад хамруулах болон хатуу ба зөөлөн ур чадваруудыг хөгжүүлэх чиглэлийн ур чадваруудыг олгох, тухайн ажил мэргэжил, салбарынхаа онцлогийг танин мэдэх, тухайн компанийн соёлтой танилцах, байгууллагын дүрэм журам, бусад шаардлагатай сургалт, танилцуулгад сууж, байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагаатай танилцсанаар дасан зохицох процесст тодорхой хугацааг зарцуулдаг тухай ярилцлаа.

Оюутныг сонгон шалгаруулахдаа ажил олгогчийн зүгээс хатуу шалгуур тавихгүй. Харин манай байгууллагад тохирох хүн мөн үү, зан төлөвийн хувьд ямар хүн бэ? гэх мэт зөөлөн ур чадвар, хандлага талаас нь харж сонгон шалгаруулдаг тухай ажил олгогч нар онцлон ярьж байв. Энэ нь их сургуулийн зүгээс ажлын байрны захиалгын дагуу оюутнуудыг бэлтгэхдээ оюутнууд зөөлөн ур чадварыг тодорхой хэмжээнд олж авсан байхыг илтгэж байлаа.

Грек улсын Тессалоники хотын аялал жуулчлалын төрийн байгууллага, тур оператор, дээд зэрэглэлийн зочид буудал зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, дагалдан суралцагч оюутнуудтай уулзах, төгсөөд үндсэн ажилтнаар ажиллаж байгаа төгсөгчдөөс санал зөвлөмж авах гэх мэтээр туршлага солилцсон үр дүнтэй сургалт боллоо.

Энэхүү төслийн үр дүнгээр ХААИС-д аялал жуулчлал хөтөлбөрөөс гадна бусад боломжтой хөтөлбөрүүдэд хэрэгжүүлэх ажил эхлээд байна.