МОНГОЛ КОПИА ТӨВИЙН УДИРДЛАГА ХААИС-ИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-07-06 13:15:33

Монгол копиа төвийн удирдлага ХААИС-ийн захиралтай уулзаж, хамтран хэрэгжүүлж буй төслийн талаар танилцууллаа.

ХААИС нь одоогийн байдлаар 38 орны 211 их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай 232 хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулан ажиллаж байгаагийн дотор Бүгд Найрамдах Солонгос Улсын 39 байгууллагатай хамтран ажиллаж байна.

 Эдгээр байгууллагуудын нэг БНСУ-н Засгийн газрын харьяа Хөдөөгийн хөгжлийг удирдах газрын Монгол дахь байгууллага Монгол Копиа төв нь 2014 оноос хойш ХААИС-тай хамтран ажиллаж, нийт 1,317,000 америк долларын буцалтгүй тусламжаар ХАА-н технологи дамжуулах 13 төслийг амжиллтай хэрэгжүүллээ.

Монгол Копиа төв 2022 оноос эхлэн хэрэгжүүлж буй төслүүдийн хамрах хүрээг өргөсгөж 1,380,000$-ын санхүүжилт бүхий эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн тэжээлийн чанар, хангамжийг сайжруулах чиглэлээр БНСУ-ын технологийг нутагшуулах ажлыг эхлүүлээд байна.

Монгол улсын Засгийн газрын урт болон дунд хугацааны бодлогод "Хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх" зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Тиймээс эрчимжсэн мал аж ахуйн салбар өндөр хөгжсөн, сайн чанарын малын тэжээл үйлдвэрлэх бэлэн технологи дамжуулах боломж бүхий БНСУ-ын технологи дамжуулах байгууллагуудтай тууштай хамтран ажиллаж тэдний буй болгосон мэдлэг чадварыг шууд дамжуулан ашиглах нь манай орны аж ахуй, нэгжид өндөр ач холбогдолтой билээ.

Иймээс ХААИС-ийн зүгээс Монгол Копиа төвийн үйл ажиллагааг дэмжин, уг төвийн хэрэгжүүлэгч байгууллага БНСУ-ын Засгийн газрын харьяа Хөдөөгийн хөгжлийг удирдах газарт ХАА-н чиглэлээр хөрөнгө оруулалт хийж буйд талархаж буйгаа илэрхийллээ.

Мөн цаашид ХАА-н технологи дамжуулах чиглэлээр үйл ажиллагаагаа идвэхтэй үргэлжүүлэх, хэрэгжиж буй төслийн тоо, цар хүрээг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа уламжиллаа.