Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг ЮНЕСКО-оос “Шинжлэх ухаанд итгэх итгэлийг бэхжүүлье” уриатайгаар тэмдэглэхийг зарласан бөгөөд ХААИС-ийн эрдэмтэн судлаачид, багш нар энэ уриан дор Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Энэ жилийн баярын өдрийн үйл ажиллагааг ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газар, Ургамал, газар тариалангийн хүрээлэн хамтран зохион байгуулсан.
Баярын хурлыг нээж ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох, ХААШУА-ийн ерөнхийлөгч, академич А.Бакей нар төлөөлөгч, оролцогчдод баяр хүргэж, амжилт хүсэж эхлүүлэв.
БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох хэлсэн үгэндээ, “Шинжлэх ухаан /ШУ/-ы бодлого нь салбар дундын судалгаа, шинжлэл рүү хөгжиж байна. Тиймээс ШУ, технологийн бодлогыг тодорхойлохдоо Монгол Улс /МУ/-д үйл ажиллагаа явуулж буй 70 гаруй эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, түүнд ажиллаж буй 7000 ажилтны хүрээнд бус МУ-ын 3 сая гаруй хүн амын хүрээнд тодорхойлох шаардлагатай. Салбар дундын судалгаа нь хөдөө аж ахуй /ХАА/-н салбар байгаль, нийгэм, цаашлаад орон нутаг, төр захиргаа, иргэний нийгмийн байгууллагыг оролцуулдаг арга барил руу шилжиж буйг хэлж байгаа юм. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2023 оны Шинжлэх ухааны ажилтны өдрийг шинжлэх ухааны салбарт бүх талын оролцоог бий болгох зорилготой тэмдэглэж байна” гэдгийг онцлоод дараах тоо баримтыг дурдлаа. Дэлхийд судлаачдын чансааг импакт фактортой өгүүлэл, бүтээлийн тоогоор тодорхойлдог. Үүнийг нийтэлдэг хамгийн том платформууд болох https://www.dimensions.ai/-д МУ-аас давхардсан тоогоор 10 мянга, https://www.scopus.com/-д 9 мянга, https://www.webofscience.com/-д дээрх хоёроос бага тооны өгүүлэл хэвлэгдсэн байна. Өгүүлэл хэвлүүлэх тоо сүүлийн жилүүдэд идэвхтэй өсөж, дундаж өсөлт 14 хувьтай болжээ. Энэ тоо жилээс жилд өсөж байгаа нь бидний өрсөлдөх чадвар, ШУ-ны бүтээл, үр дүн нэмэгдэж байгааг илтгэнэ. МУ-аас хамгийн өндөр тоотой хэвлэгддэг салбар бол анагаах ухаан, хоёрт биотехнологи, гэхчлэн наймд ХАА-н салбар эрэмблэгдэж байна. Эдгээр платформ дээр хэвлэгдсэн нийт өгүүллийн 61-79 хувь нь зургаан салбарын эрдэмтэн судлаачдын бүтээл байдгаас ХААИС, харьяа хүрээлэнгүүд багтдаг. Дэлхийд өрсөлддөг монгол мэдлэгийг бий болгодог үндсэн зургаан салбарын нэг нь хуралдаж эрдэм шинжилгээ судалгааны үр дүнгээ хэлэлцэж байгаад баяртай буйгаа илэрхийллээ.
Баярын хурлын индрээс ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүхийн танилцуулсанаар ХААИС 2023 онд эрдмийн ажил үйлсдээ гаргасан ахиц дэвшлээс онцлон дурдвал, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцины технологийг боловсруулж, хоногт 30-40 мянган тун, сард 1 саяас доошгүй тун вакцин үйлдвэрлэх үйлдвэрийг ашиглалтанд оруулснаар инновацын бүтээгдэхүүний анхны үйлдвэрлэлээр 50.000 хонины тун вакцин үйлдвэрлэв.
Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн нь Олон Улсын Цөмийн энергийн агентлаг, Дэлхийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Монголын ноолуурын чиглэлийн ямааны генетипийн судалгааны хүрээнд 11 ямааны үүлдэр омог, нутгийн 2400 гаруй ямааны ашиг шимийн, 1200 гаруй ямаанд генетикийн олон янз байдал, төрлийн нийлүүлгийн түвшин, ноолуурын чанарын шинж тэмдгүүдийн удам зүйн үнэлгээг хийлээ. Ингэснээр ноолуурын чиглэлийн ямаанд цаашид үржлийн үнэлгээ хийх болон геномын селекци явуулах боломж бүрдэв.
Ургамал, газар тарилангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд үр тарианы 1, хүнсний ногооны 1 сорт тус тус нутагшуулж, улсын сорт сорилтын зөвлөлийн хурлаар хүнсний ногооны 4 ирээдүйтэй сорт батлууллаа. Тариалан эрхлэгчдэд зориулан улаан буудайн 4 сортын 400.0 тн супер элит үр, бусад үр тарианы 50 тн элит үр, төмсний 140 тн элит үр, хүнсний ногооны 10 төрлийн таримлын 810 кг үр, жимс жимсгэнэ, чимэглэлийн ургамлын 42.500 ш суулгац үйлдвэрлэж, улсын хэмжээний буудайн супер-элит үрийн хэрэгцээний 60 орчим хувь, төмсний элит үрийн хэрэгцээний 20%-ийг үйлдвэрлэжээ.
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн нь өөрийн гэсэн байртай болж, 4500м2 талбайтай эрдэм шинжилгээ, судалгааны лаборатори, спортын танхим бүхий 4 давхар байгууламжид тун удахгүй нүүн орж, судалгааны орчноо амжилттайгаар бэхжүүлж байна.
Баярын хурлын гол илтгэлийг ХААИС-ийн Эрдэм шинжилгээ инновацын газрын захирал Л.Баяртулга “Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэм шинжилгээ, инновацын хандлага” сэдвээр тавилаа. Илтгэлд сүүлийн үеийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, инновацын хөгжил, чиг хандлага, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт шинэчлэлт, эрдэм шинжилгээ-сургалт судалгааны уялдаа холбоог сайжруулах, багш оюутны хөгжил, үйлчилгээг дэмжих, эрдэм шинжилгээ, судалгааг дэмжих, санхүүгийн чадавх, хүний нөөцийн чиглэлээр цаашдын чиг хандлага, бодлогын талаар олон ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөснийг танилцуулав.
Хурлын хөтөлбөр ёсоор ХААИС-ийн харьяа хүрээлэнгүүдийн мэндчилгээ, товч тайлангаа видео хэлбэрээр бэлтгэн хүргэсэн нь бүтээлч байдлыг илтгэж, цагийг хэмнэж, хүрээлэн бүр урлагийн тоглолтоор бэлэг барьсан нь баярын өдрийн халуун дулаан уур амьсгалын бий болгосон.
Энэ удаагийн баярын онцлох үйл явдал нь хүрээлэн бүрээс салбараа төлөөлөн нэг залуу судлаач индэрээс үзэл бодол, дуу хоолойгоо хүргэсэн нь байлаа. Залуу судлаачид судалгааны ажилд нь ямар бэрхшээл тулгарч, удирдлагаасаа юу хүсэж, салбарынхаа ирээдүйг хэрхэн төсөөлж, салбартаа ямар шинэ шинэлэг санаа хэрэгжүүлмээр байгаагаа чөлөөтэй илтгэсэн нь бахархууштай байв.
Мөн салбараас төрөн гарсан амжилт бүтээлийн эздэдээ төрийн дээд одон медалийг ХААИС-ийн удирдлагууд хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулан уламжлал болгон зохион байгуулдаг спортын арга хэмжээний шагналыг гардуулсан бөгөөд нийт багийн дүнгээр Мал эмнэлгийн хүрээлэнгийн баг тамирчид шалгарч шилжин явах цомыг өмнөх жилийн аваргаасаа гардан авлаа.