Монгол Улс газар нутгийн хэмжээгээр дэлхийд 15-т, нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг гэлээ ч газар нутгийнхаа 1%-ийг газар тариалангийн зориулалтаар ашиглаж буй нь харьцангуй бага үзүүлэлт юм.
Монгол орны бэлчээрийн мал аж ахуй тэжээлийн дутагдлаас үүдэлтэй мал хорогдол элбэг тохиолддог. Мөн жилийн дундаж хур тунадасын хэмжээ 250-350 мм байдаг нь тэжээлийн ургамал тариалахад хүндрэл учруулдаг. Үүнийг гүний усны нөөц ашиглан шийдвэрлэх боломж бий. Дэлхийн нөөцийн хүрээлэн (World Resources Institute)-ээс улс орнуудыг усны нөөцийн төвшингөөр I-VI зэрэглэлээр ангилдаг бол Монгол Улс бага зэрэг дутагдалтай буюу III зэрэглэлд багтдаг. Энэ үзүүлэлтээр дэлхийн усны хомсдолтой орны жагсаалтын 55 дугаар байрт Монгол улс, 53 дугаар байрт Солонгос жагссан нь хоёр улс усны нөөцөөр хол ялгаагүй байна.
КОПИА Монгол төв нь Монгол Улсын Засгийн газрын ХАА-н бодлогод уялдуулан 2014 оноос хамтран ажилладаг байгууллагуудаараа дамжуулан 15 төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
2014-2016 онд “Монгол оронд тохиромжтой улаан буудайн үр сонгон үрслүүлэх, тэжээлийн ургамал үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх”, 2017-2019 онд “Хүнсний ногоо тариалах технологи нэвтрүүлэх, махны үхрийн гарц нэмэгдүүлэх”, 2019-2022 онд “Тэжээлийн ургамал болон улаан буудайн элит үр түгээн дэлгэрүүлэх” зэрэг төслийг хэрэгжүүлж НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилтын (SDG) 1, тогтвортой хөгжлийн зорилтын 2-ын дагуу ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр идэвх санаачилга гарган ажиллаж байна.
Монголд бэлчээрийн мал маллагаанаас үүдсэн бэлчээрийн талхлалт, тэжээлийн ургамлын тариалалт хомс, бэлчээрээс шууд хадсан өвсний тэжээллэг чанар хангалтгүй байдаг зэргээс өвлийн улиралд мал хорогдох нь элбэг байна. Эдгээр асуудлыг өвөл болон хаврын улиралд малын тэжээл бэлтгэх арга технологийг нэвтрүүлэх, фермент үйлдвэрлэх, ферментжүүлж хадгалсан тэжээл бэлтгэн хангадаг системтэй болгох замаар шийдвэрлэх боломжтой.
Улаан буудай нь Монголын стратегийн хүнсний бүтээгдэхүүн хэдий ч сорт төрөл бага, шинэ сортын хүрэлцээ хангалтгүй, тариалангийн талбайн хөрсний үржил шим алдагдсанаар улаан буудайн ургац бага зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд Монгол оронд тохиромжтой ургац өндөртэй улаан буудайн сортыг сонгон үрслүүлэх, түгээх ажлыг идэвхжүүлэх, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэхээс гадна тохирсон гарц гаргалгааг олсноор ургац 25% нэмэгдэж, улаан буудайн үрийн дотоодын хэрэгцээг 80%-аас дээш хангах, хөрсний үржил шимийг одоогийнхоос 20% нэмэгдүүлэх боломжтой.
Эдгээр зорилго нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго 2 (Өлсгөлөнг зогсоох), ТХЗ 1 (Ядуурлыг бууруулах), ТХЗ 15 (Хуурай газрын экосистемийг хамгаалах), ТХЗ 12 (Хариуцлагатай хэрэглээг дэмжих) зэрэг зорилттой уялдаж байна.
Монгол Улс сүүлийн таван жилийн хугацаанд 40 сая 385 мянган ам.долларын мах экспортолсон. КОПИА Монгол төвийн төсөл амжилттай хэрэгжсэнээр махны гарц одоогийнхоос 30%-аар өсөж, малын хорогдол 20-30%-аар буурах, 15 жилийн дараа МАА салбарын үйлдвэрлэлийн бүтээмж 30%-аар нэмэгдэх, махан бүтээгдэхүүн, ноолуур үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх үндсэн суурь болно.
Монгол Улс улаан буудайг 400 мянган га талбайд тариалж дотоодын хэрэгцээг хангаж байна. Цаашид Улаан буудайг 1 сая га-д тариалахад 1 сая 280 мянган тонныг хураан авч чадвал дотоодын хэрэгцээндээ 400 мянган тонныг ашиглан үлдсэн 880 мянган тонн улаан буудайг экспортлох боломжтой болно.