ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш судлаачид, БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Тэмээ нийгэмлэг”-ийн үйл ажиллагаатай танилцан, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулав. Талууд, тэмээ судлал, тэмээний аж ахуй, тэмээнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын тэжээл үйлдвэрлэлийн чиглэлд хамтарсан судалгаа хийх, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, багш, оюутан солилцох, оюутан дадлагажуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов.
БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Тэмээ нийгэмлэг” нь 2009 онд байгуулагдсан, тэмээнээс гаралтай 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээн зах зээлд нийлүүлж байна. Тус нийгэмлэг нь тэмээний аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төр болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг холбосон гүүр нь болж, иргэдийн амьжиргааг нэмэгдүүлэхэд дорвитой дэмжлэг үзүүлж буй байгууллага юм.