ХААИС-ийн ректор Б.Баасансүх “Нэг бүс нэг зам” олон улсын хөгжлийн академийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Нэг бүс нэг зам” олон улсын хөгжлийн академийн "Мози лаборатори цех" байгуулах төслийн мал аж ахуй, тариалангийн чиглэлийн мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн лабораторийг Хөдөө аж ахуйн их сургуульд түшиглэн байгуулах талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.
БНХАУ-ын Ляонин мужийн боловсролын газраас санаачлан, мужийн захиргааны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "Мози лаборатори цех" төслийн нээлтийн олон улсын хурал 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Шэнь Ян хотод зохион байгуулагдаж 17 улс орны төлөөлөл оролцсон. Энэхүү хуралд Монгол Улсыг төлөөлөн “Нэг бүс Нэг зам” олон улсын хөгжлийн академийн тэргүүн Ж.Хишигжаргал оролцож "Мози лаборатори цех" төслийн хүрээнд 33 чиглэлийн хамтарсан мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн лаборатори байгуулах эрхийг авсан юм.
Монгол Улс дахь анхны "Мози лаборатори цех"-ийг байгуулах ажлыг "Нэг бүс нэг зам" олон улсын хөгжлийн судалгааны академи санаачлан эхлүүлсэн ба Монгол Улсын ШУТИС, БНХАУ-ын Төмөр замын нэгдүгээр компанийн Төв болон Баруун Азийн салбар компани болон Ляонин Төмөр замын мэргэжлийн дээд сургуультай хамтран “Мози лаборатори цех" байгуулахаар дөрвөн талт гэрээ байгуулсан.
“Нэг бүс нэг зам” олон улсын хөгжлийн судалгааны академийн зүгээс өөрийн нөөц бололцоог ашиглаж, хамтын ажиллагаатай их, дээд сургуулийн эрдэмтэн, профессоруудтай хамтран “Мози лаборатори цех”-д судалгаа шинжилгээний дэмжлэг үзүүлж мөн академийн төслийн хүрээнд суралцах оюутнуудад Хятад, Монголын хамтарсан шинжлэх ухаан, инженерийн туршилтын платформоор хангахад дэмжлэг үзүүлэх болно гэлээ.