БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийн корпорац (KRC)-ийн ерөнхийлөгч Lee Byung Ho тэргүүтэй төлөөлөгчид ХААИС-д (2024-02-07) зочилж, БНСУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай хоёрдугаар шатны төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтад БНСУ-ын талаас Хөдөөгийн хөгжлийн корпорацын ерөнхий захирал Ким Сонг Кюн, төвийн дарга Son Hyeuk Joon, хэлтсийн дарга Jeong Joo Won, нарийн бичгийн дарга lee Seok Chan, “WOSEM” группийн ерөнхийлөгч lee Myung Sik, дэд ерөнхийлөгч Jung Jae Hun, Кёнгбүкийн үндэсний их сургуулийн профессор Cho Gil Jae, Монгол Улсыг төлөөлж Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа, ХААИС-ийн ректор, доктор, профессор Б.Баасансүх, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Б.Одончимэг, Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга, Мал эмнэлгийн сургуулийн захирал, доктор Ц.Эрдэнэ-Очир, Мал, амьтны эмнэлгийн захирал, доктор П.Эрдэнэтогтох, доктор Б.Отгонтөгс, Н.Очирхүү, профессор О.Баатарцогт, А.Гомбожав нар байлцлаа.
Бүгд Найрамдах Солонгос Улсын хөдөөгийн хөгжлийн корпорац (KRC) болон Хүнс, хөдөө аж ахуйн яам (MAFRA)-ны буцалтгүй тусламжаар “Монгол Улсын мал эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх, мал амьтны эрүүл мэндийн төв байгуулах” төсөл 2019-2023 он хүртэл амжилттай хэрэгжсэн билээ. Тус төслийн үр дүнд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн дэргэд сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий Мал, амьтны эмнэлэг шинээр байгуулагдсаны зэрэгцээ тус сургуулийн багш нарыг чадавхжуулах урт, богино хугацааны олон удаагийн сургалтыг хоёр улсад амжилттай зохион байгуулсан юм. Төслийг Бүгд Найрамдах Солонгос Улсын “WOSEM” групп, Кёнгбүкийн үндэсний их сургууль хамтран амжилттай гүйцэтгэсэн билээ.
Энэ удаагийн уулзалтаар Төв аймгийн Эрдэнэ суманд том амьтны эмнэлэг барих хоёр дахь төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм. ХААИС-ийн ректор Б.Баасансүх хэлсэн үгэндээ, Монгол Улсад айлчилж буй хүндэт зочдод талархал илэрхийлээд БНСУ-ын Засгийн газар, ард түмний хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан Мал, амьтны эмнэлгийн үйл ажиллагаа, үйлчилгээг үр дүнтэй зохион байгуулах болно гэв. Мөн хоёр дахь шатны төслийг амжилттай хэрэгжүүлэхэд ХААИС-ийн зүгээс бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийн корпорацын ерөнхийлөгч Lee Byung Ho “Монгол Улсын мал эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх, мал амьтны эрүүл мэндийн төв байгуулах” төсөл нь хоёр талын хамтрагчдын уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд тус улсын Засгийн газраас санхүүжүүлсэн төслүүдийн дотроос амжилттай хэрэгжсэн төслийн нэгээр шалгарсанд баяртай байна гэв. Мөн хоёр дахь шатны төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ.