Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Ван Кай-Ю, нэгдүгээр нарийн бичгийн дарга Жан Чиун Шиа нар 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Б.Баасансүх, тус их сургуулийн Санхүү төлөвлөлтийн газрын захирал Б.Одончимэг, Гадаад харилцаа түншлэлийн албаны дарга Т.Сүхтулга нартай албан уулзалт хийж, Тайвань Монголын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Хөдөө аж ахуйн их сургууль нь Тайванийн их сургууль, Чун Шиний их сургууль, Пин Дуны шинжлэх ухаан, технологийн их сургууль, Формоса их сургуультай хамтын ажиллагаатай бөгөөд цаашид эдгээр сургуультай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж, илүү олон оюутан залуусыг Тайваньд суралцуулахыг зорьж байна.
Төлөөлөгч Ван 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан залууст гадаадад суралцах боломжуудын талаар лекц яриа хийж, Тайванийн Боловсролын яамны тэтгэлгийн талаарх мэдээлэл өгч, оюутан залуусын сонирхсон асуултад хариулахын зэрэгцээ илүү олон Монгол оюутан залуус Тайваньд суралцаасай хэмээн хүсэж буйгаа илэрхийлэв.