Монгол Япон хоёр орны стратегийн дунд шатны түншлэлийн хүрээнд Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яам, Япон Улсын Засгийн газар, Жайка олон улсын байгууллагын хамтарсан “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл ХААИС-д хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуульд энэ жилээс эхлэн судалгааны зургаан баг байгуулагдаж, Япон Улсын их сургуулиудтай эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран гүйцэтгэх төслийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах, хамтын ажиллагааг эхлүүлэх, улмаар олон нийтэд түгээх үйл ажиллагааг өнөөдөр /2023.10.30/ зохион байгууллаа.
ХААИС-д төсөл хэрэгжсэнээр 2024 онд 326 нэр төрлийн 4.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий лабораторийн багаж, тоног төхөөрөмж нийлүүлэгдсэнээр сургалт, судалгааны орчин сайжрахын зэрэгцээ Япон Улсын их сургуулиудад таван багш докторын, 12 багш магистрын зэргийн сургалтад хамрагдах бол төсөл хэрэгжих гурван жилийн хугацаанд буюу 2023 онд 30, 2024 онд 40, 2025 онд 37, нийт 107 багш зэргийн бус сургалтад хамрагдахаар болжээ.
Төсөл хэрэгжсэнээр Монголын улсын хөдөө аж ахуйн салбарт өндөр мэдлэг, ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэгдэж, багшлах боловсон хүчний нөөц бэхжиж, судалгааны орчин шинэчлэгдэж, сургалтын чанар сайжрах юм.
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд ХААИС-д хэрэгжүүлэхээр хамтын гэрээнд гарын үсэг зурсанаар баталгаажсан зургаан төслийг дурдвал,
“Хуш модны үржүүлгийн технологийн судалгаа, хушны самрын ясаар нано-био-адсорбент материал боловсруулж, түүнийг хөрс бохирдлыг цэвэршүүлэхэд ашиглах нь” төсөл
“Хөдөө аж ахуйд зориулагдсан дроны хэрэглээ” төсөл
“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон цагаан лууван /raphanus-sativus.l-ийн сорт судалгаа” төсөл
“Монгол малын генетик чадавхын инженерчлэл” төсөл
“Биотехнологийн аргаар сибирь шинэс /larix sibirica ledeb./-ийн зигот үр хөврөлөөс масс үржүүлэг хийх, эндофит мөөгөнцрийн омгоор биобэлдмэл гарган авах” төсөл
“Газар ашиглалтын өөрчлөлтөөс үүдэлтэй хөрсний органик нүүрстөрөгчийн өөрчлөлт болон хөрсний бохирдлын загварчлалын дэвшилтэт арга” төсөл