Мал аж ахуй, биотехнологийн сургууль Монгол Ангус ХХК хамтран махны үхрийн аж ахуй эрхлэгчдэд зориулсан сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтаар цогцолбор аж ахуйн үржүүлэг, тэжээллэг, маллагааны онцлог, аж ахуйд өсвөр үхэр өсгөн бойжуулах, бордох технологи, тэжээлийн жор бүрдүүлэх, тэжээлийн баазыг төлөвлөх, бэхжүүлэх чиглэлээр анхан шатны 18 цагийн модуль хичээлд оролцогчдыг хамруулав.
Махны үхрийн аж ахуй эрхлэгчдийн сургалтад Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Орхон, Архангай, Төв, Булган аймаг, Улаанбаатар хотоос махны үхрийн аж ахуй эрхэлж буй болон сонирхогчдоос бүрдсэн нийт 17 хүн хамрагдаж мал аж ахуйн үйлдвэрлэлийг шинжлэх ухаанчаар хөтлөх, шинэ тутам тулгарах саад бэрхшээлийг хэрхэн даван туулах аргачлал болон шийдвэрлэж буй тэргүүн туршлагуудтай танилцаж мэдлэгийн хүрээгээ тэллээ.