Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног” арга хэмжээг жил бүрийн 11 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд тэмдэглэдэг уламжлалтай билээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд НҮБ-ын ХХААБ-ын “Бичил биетний тэсвэржилттэй холбоотой Кодексын стандартын хэрэгжилтийг дэмжих” (ACT) төслийн дэмжлэгтэйгээр ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн III-V ангийн оюутнуудын дунд “Бичил биетний тэсвэржилт болон бичил биетний эсрэг эмийн хариуцлагатай хэрэглээг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Тэмцээнд мэргэжлийн ангиудын зургаан баг оролцож өгөгдсөн сэдвийн дагуу жүжигчилсэн тоглолт, асуулт хариултын тэмцээн зэргээр эн тэнцүү өрсөлдөж МЭЗ-ийн III ангийн “Тэмүүлэл” баг тэргүүн байр, МЭЗ-ийн IV ангийн “Good bacteria” баг дэд байр, МЭЗ-ийн V ангийн “Аймаар” баг гуравдугаар байрт шалгарч НҮБ-ын ХХААБ-ын “Бичил биетний тэсвэржилттэй холбоотой Кодексын стандартын хэрэгжилтийг дэмжих” (ACT) төслийн шагналыг гардан авлаа.
Үзэгч оюутнуудын дунд бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах сэдвийн хүрээнд асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж амжилттай хариулсан оюутнуудыг НҮБ-ын ХХААБ-ын “Бичил биетний тэсвэржилттэй холбоотой Кодексын стандартын хэрэгжилтийг дэмжих”(ACT) төсөл болон ЖАЙКА олон улсын байгууллагын “Малын эмч нарын практик чадавхыг бэхжүүлэх төсөл” /JICA-MJVET/-өөс дурсгалын зүйлсээр урамшуулсан нь үзэгч оюутнуудын хамрах хүрээг нэмэгдүүлж тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгож чадсан юм.