Европын Холбооны Улсын ERASMUS+хөтөлбөрийн санхүүжилттэй олон улсын хамтарсан “IMPRoVE_AGRO” төслийн сургалт-семинар 2023 оны наймдугаар сарын 21-ээс есдүгээр сарын 01-ний өдрүүдэд ХААИС болон МУИС -д зохион байгуулагдсан.
Энэхүү төслийн үйл ажиллагаа нь Газар тариалан, Ойн аж ахуйн мэргэжлийн магистрын сургалтын зарим хөтөлбөрийг англи хэл дээр олон улсын жишигт хүргэж сайжруулахад чиглэж байгаа бөгөөд төслийн хүрээнд холбогдох магистрын хөтөлбөрийн хичээлүүдийг заах арга зүй, бүтэц, агуулгын хувьд шинэчлэх, онлайн болон танхимын сургалтын заах арга зүйг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, улмаар багш нарыг чадавхжуулах сургалтыг төсөлд түншлэгч их сургуулиуд дээр болон онлайн хэлбэрээр зохион байгуулж ирсэн. Энэхүү төсөлд МУИС-иас “Ойн Аж Ахуй”, ХААИС-иас “Ургамал хамгаалал”-ын магистрын хөтөлбөрүүд хамрагдаж, тус хөтөлбөрүүдийг Европын Холбооны Улсын сургалтын стандартад нийцүүлэх, сургалтын орчныг сайжруулах зэрэг ажил хийгдэж байна.
Тус төсөлд ХБНГУ-ын Фрейбургийн Боловсролын их сургууль, Англи улсын Астоны их сургууль, Грекийн Аристотелийн их сургууль, Казакстаны ХАА-н Судалгааны их сургууль, Паблодарын Торайгыровын их сургууль, Монгол улсаас МУИС, ХААИС түншлэн оролцож, эдгээр их сургуулийн профессор багш нар сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, платформ хөгжүүлэхэд хамтран ажиллаж байна.