БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ийн дэмжлэгээр Хангён үндэсний их сургууль нь Монгол Улсын “ХААИС-ийн сургалт, судалгаа үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төсөл нь Монгол Улсын мал аж ахуйн салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, эрдэм шинжилгээ- үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах чиглэлтэй бөгөөд 5 сая ам.долларын хөрөнгө оруулалттай, 2022-2026 оныг дуустал таван жилийн хугацаанд хэрэгжих юм.
“ХААИС-ийн сургалт, судалгаа үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн Монгол дахь хариуцагч шинээр томилогдсонтой холбогдуулан ХААИС-ийн ректор Б.Баасансүх, төслийг хэрэгжүүлэгч Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал Д.Гүрбазар нар төслийн Монгол дахь хариуцагч, ноён Чой Жэёныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Мал аж ахуйн технологи дамжуулах төв”-ийн нээлтийн тов, цаашдын үйл ажиллагаа, төвийн бүтцэд шинээр байгуулах дөрвөн лабораторийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, төвийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих зорилгоор Хангён үндэсний их сургуулийн санхүүжилттэй зарлагдсан судалгааны төслийн хэрэгжилт, төлөвлөгөөний талаар санал солилцлоо.