БНХАУ-ын Гансу мужийн Жүчуаны Тeхникийн коллежийн удирдлага 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ХААИС-д зочилж, захирал, профессор Б.Баасансүх, Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга, ИТС-ийн захирал Ж.Мөнгөн нартай уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Тус коллеж нь ХААИС-ийн Баянхонгор аймаг дахь салбар сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн бөгөөд энэ хүрээнд цахилгаан, эрчим хүч, мал аж ахуйн чиглэлээр багш, оюутан солилцон сургахаар тохиролцсон юм.
Жүчуаны Тeхникийн коллеж нь мужийнхаа хэмжээнд эхний гуравт эрэмбэлэгддэг бөгөөд ХАА, МАА, барилга, инженер, боловсролын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Нэг зам-нэг бүс төслийн хүрээнд Герман, Лаос, Казакстан, Киргизстан зэрэг 19 улсын их, дээд сургууль, коллежтой хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд Германы техник, технологийн тусламжтайгаар танхимын сургалт зохион байгуулахын зэрэгцээ багш, оюутан солилцооны хөтөлбөр хамтран хэрэгжүүлдэг гэв.
Уулзалтын үеэр ХААИС-ийн захирал, профессор Б.Баасансүх хэлсэн үгэндээ, Баянхонгор аймаг дахь салбар сургуулийг ХААИС-ийн баруун бүсийн салбар сургууль болгохоор төлөвлөж, МУ-ын Засгийн газраас ихээхэн анхаарал тавьж байна. Мөн тус коллежид суралцагсдын сургалтын төлбөрийн 50 хувийг тэтгэлэгтэй болгосон. Сургалтын орчныг сайжруулахаар төлөвлөж, хичээлийн байр, оюутны дотуур байр барих зардлын тодорхой хувийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр төлөвлөж байна гэв.
Мөн ХААИС нь БНХАУ-ын их, дээд сургуулиудтай урт удаан хугацаанд идэвхтэй, найрсаг хамтын ажиллагааг хэрэгжүүлсээр ирснийг онцлон тэмдэглээд салбар сургуультай хамтран ажиллаж буйд талархаж буйгаа илэрхийллээ.