Нийслэийн бизнес, инновац хөгжлийн газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-03-01 17:15:46

Хөдөө аж ахуйн их сургууль, Нийслэлийн Бизнес инновац, хөгжлийн газартай хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгууллаа.

Уулзалтаар ХААИС, их сургуулийн харьяа хүрээлэнгүүд, бүрэлдэхүүний сургуулиудын удирдлагууд ХААИС-ийн ерөнхий танилцуулга, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгаалал, газар тариалангийн хүрээлэн, Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Агроэкологийн сургуулийн инновацын бүтээгдэхүүн, судалгааны ажлын тойм танилцуулга, хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар тус тус илтгэж танилцуулсан бол НБИХГ-ын дарга Б.Билгүүн Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрыг танилцуулав.

Танилцуулга илтгэлүүдийн дараа талууд харилцан санал солилцож хэлэлцлээ. НБИХГ-аас Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын инновацыг хөгжүүлж сайжруулах нь манай улсын эдийн засагт төдийгүй иргэд, малчдын амьдралд маш том түлхэц болно гээд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор утаагүй түлшний найрлагад орох тусгай төрлийн ургамлыг тариалж нутагшуулах, “Хүнсний хувьсгал” аяны хүрээнд нийслэлийн хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудалд далайн гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг өрхийн хэмжээнд үйлдвэрлэх талаар ижил төстэй уур амьсгалтай орнуудын харьцуулсан судалгаа хийх зэрэгт ХААИС-иас туршлага судлах, солилцох, зөвлөгөө авч ажиллах бол гарааны бизнесийг дэмжих чиглэлээр ХААИС-ийн оюутнуудын оюуны бүтээлиийг эдийн засгийн эргэлтэд оруулах, оюутнуудын судалгаанд тулгуурлан гарааны компани байгуулж инкубатор төвүүдээр дамжуулан бойжуулах, ХАА-н инновацын  бүтээгдэхүүнд олон улсаас хөрөнгө оруулалт татах болон бусад чиглэлээр дэмжиж ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ.  

ХААИС-ийн зүгээс дээрх төслүүдэд болон бусад чиглэлд бүх талаар хамтарч ажиллахад бэлэн бөгөөд “HUB инновацын төв”, “Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-үүдийн жишгээр Зайсан бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв байгуулж болох талаар саналаа хэллээ.

ХААИС-ын ректор Б.Баасансүх, НБИХГ-ын дарга Б.Билгүүн нар хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэж бие биедээ амжилт хүслээ. Хамтын ажиллагаан санамж бичиг нь нийслэлийн тулгамдсан асуудлуудыг эрдэмтдийн нөөц бололцоонд тулгуурлан шийдвэрлэх, судалгааны үр дүнг инновац болгох, оюутнуудын гарааны бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, инновацын соёлыг дэлгэрүүлэх зорилготой юм.