Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн чуулган хуралдлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-03-06 17:24:54

 

Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи /ХААШУА/ нь Монгол Улсын Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд ШУА-ийн салбарын төрөлжсөн академийн статустай 2009 оноос тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

Тус академийн бүх гишүүдийн ээлжит чуулган 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдаж академийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай, академийн дэд ерөнхийлөгчид, тэргүүлэгчдийг сонгож, баталгаажуулах болон хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарт хэрэгжиж, 2022, 2023 онд дууссан суурь судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, шийдвэр гаргах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

ХААШУА-ийн үйл ажиллагааг гишүүддээ тулгуурласан, нээлттэй, академик эрх чөлөөг дээдэлсэн байдлаар хөгжүүлэх зорилгоор мал аж ахуй, газар тариалангийн шинжлэх ухааны хоёр салбар зөвлөл (бага чуулган)-ийн бүтцээр үйл ажиллагаа явуулахаар тогтож, дүрмийн холбогдох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулав.

Академийн дэд ерөнхийлөгчөөр ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, доктор, дэд профессор Э.Төмөртогтох, Газар тариалан, ургамал хамгааллын салбар зөвлөл (бага чуулган)-ийн дарга бөгөөд дэд ерөнхийлөгчөөр доктор (ScD), дэд профессор М.Бямбасүрэн Мал аж ахуй, мал эмнэлгийн салбар зөвлөл (бага чуулган)-ийн дарга бөгөөд дэд ерөнхийлөгчөөр доктор, профессор Б.Баттөр нарыг гишүүдийн олонхын саналаар сонгож баталгаажууллаа. 

Мөн академийн Тэргүүлэгч гишүүдийг сонгож баталсан ба ХААШУА-ийн Тэргүүлэгчдээр салбарын тэргүүлэх судлаачид, бизнесийн салбар болон ХХААХҮЯ, ШУА зэрэг байгууллагын төлөөллийг багтаасан 16 хүнийг сонгож ажиллуулахаар болов.

Тус академи өөрийн дүрэмд заасан эрхийнхээ хүрээнд хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарт хэрэгжиж, 2022, 2023 онд дууссан 18 суурь судалгааны ажлын тайланг хэлэлцэж, эдгээр төсөл нь үр дүнгийн даалгаварт заасан ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн тул тайланг хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.