Хос хөтөлбөрийн төгсөгч Ц.Лхагвадулам:
Хос хөтөлбөрөөр суралцсанаар хоёроос доошгүй гадаад хэлийг бүрэн эзэмших боломжтой
ХААИС-ийн БНХАУ-ын Шэньяан хотын ХААИС-тай хамтран хэрэгжүүлдэг хос хөтөлбөрөөр амжилттай суралцаж төгссөн Ц.Лхагвадуламтай ярилцлаа.
- ХААИС-ийн хос хөтөлбөрөөр суралцахын давуу тал юу байсан бэ?
- Мэдээж маш олон давуу талтай. Олон орны хүүхдүүдтэй хамт суралцангаа соёл, ёс заншилтай нь танилцана. Бусадтай харилцах чадвар сайжирч, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцана. Мөн өөртөө маш итгэлтэй болдог. Хоёроос доошгүй гадаад хэлийг бүрэн эзэмшинэ.
- Ямар мэргэжлээр суралцаж төгссөн бэ?
- БНХАУ-ын Шэньяан хотын ХААИС-д Эдийн засагч мэргэжлээр төгссөн.
- Мэргэжлээрээ ажилд орж чадсан уу?
- Тийм. Банк бус санхүүгийн байгууллагад зээлийн эдийн засагчаар ажиллаж байна.
- Тус сургуульд суралцаж төгссөнөөрөө ямар боломжийг олж харсан бэ?
- Гадаадад суралцах нь өөрийгөө сорих, ямар түвшинд байгаагаа мэдэх боломж гэж би боддог. Хичээлээ англи хэлээр үзээд хажуугаар нь хятад хэлний хичээлдээ суудаг байсан. Тиймээс хоёр хэлийг маш сайн сурах боломжтой.
- Сургууль болон тус орны соёлоос юуг нь сургуульдаа болон эх орондоо нэвтрүүлмээр, нутагшуулмаар санагдсан бэ?
- Сурч хөгжихөд юу хэрэгтэй бүх зүйлийг цогцлоосон байдаг нь таалагдсан. Жишээ нь усан бассейн, онлайн болон танхимын номын сан, хоолны газар гэх мэт хүн өөрийгөө хөгжүүлэхэд хэрэгтэй бүх тоног төхөөрөмж байдаг.
- Хос хөтөлбөрийг цаашид хэрхэн хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй гэж бодож байна вэ?
- Сурах чиглэлийн мэргэжлийн үг хэллэгийг илүү дэлгэрүүлж чээжлүүлэх хэрэгтэй. Мөн сургуулийн мэдээллийг үнэн зөв өгч, солилцооны оюутнуудтайгаа харилцаа холбоо тогтоон туслалцаа үзүүлэх хэрэгтэй санагдсан.
- Суралцах хугацаанд бэрхшээлтэй зүйл юу байсан бэ?
- Мэдээж шантрах үе бий. Анх удаа гадаад улс руу явж үзэж байгаа болохоор айж сандрах, хүмүүстэй буруу ойлголцох, бие өвдөх гэх мэт бэрхшээл тулгарсан. Хамгийн хэцүү нь хятад хэлэнд 4 төрлийн дуудлага авиа байдаг тэр бүгдийг зөв хэлж ойлголцох байсан. Гэхдээ нэгэнт л зорьсон зорилго, мөрөөдлөө биелүүлэхийн тулд хичээсэн дээ.
ГАДААД ХАРИЛЦАА, ТҮНШЛЭЛИЙН АЛБА